Европын Холбооны хилийн бүртгэлийн "Entry/Exit System" /EES/ систем
2025-10-07
Европын улсуудын хилийн шалган нэвтрүүлэх хэсэгт 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Европын Холбооны гишүүн бус улсын иргэдийн богино хугацааны аяллыг бүртгэх "Entry/Exit System" /EES/ систем шинээр хэрэгжиж эхлэнэ. Ингэхдээ ЕХ-ны гишүүн бус улсын богино хугацааны (90 хүртэлх хоногийн) визтэй иргэн хилээр нэвтрэх үед тухайн хүний овог, нэр, төрсөн огноо, аяллын баримт бичгийн төрөл, биометрийн мэдээлэл (хурууны хээ, цээж зураг), хилээр орсон болон гарсан огноо, байршил, мөн шаардлагатай тохиолдолд нэвтрэхээс татгалзсан тухай мэдээллийг бүртгэх аж.
Энэхүү систем нь ЕХ-ны бүх гишүүн улсууд (Ирланд, Кипрээс бусад), мөн Исланд, Норвеги, Швейцарь, Лихтенштайн зэрэг улсуудад үйлчлэх юм байна. EES нь богино хугацааны визтэй эсэх, эсвэл визийн шаардлагаас чөлөөлөгдсөн эсэхээс үл хамааран ЕХ-ны гишүүн бус улсын бүх зорчигчдод хамаарна.
EES нь 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс хойш үе шаттайгаар хэрэгжих бөгөөд 2026 оны 4 дүгээр сарын 10 гэхэд бүрэн хэрэгжүүлэхээр төлөвлөгджээ. Энэ паспортад тамга дарах явцыг цахимжуулах, хилийн хамгаалалтыг сайжруулах, хилээр нэвтрэх үйл явцыг түргэсгэх зорилготой байна.
Хэрэв аялагч шаардлагатай мэдээллээ урьдчилан цахимаар (өөрөө үйлчлэх киоск, эсвэл гар утасны аппликейшн ашиглан) бүртгүүлбэл илүү хялбар байх бөгөөд шинэ системд бүртгүүлсэн иргэд дараагийн удаа зорчихдоо EES-ийн өөртөө үйлчлэх төхөөрөмж байгаа тохиолдолд шууд үйлчлүүлэх боломжтой байна.
Анхаарах зүйлс: "Entry/Exit System" нь зөвхөн богино хугацааны визтэй иргэдэд хамаарах тул иргэн Таны урилгаар ирсэн богино хугацааны визтэй зочин Европын улс орнууд руу зорчихдоо ийнхүү бүртгүүлэх шаардлагатай болж байгаа аж.
Энэхүү бүртгэл нь Чех улсад удаан хугацаанд оршин суух зөвшөөрөл болон урт хугацааны визтэй иргэдэд хамааралгүй болно.
EES-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг зурган дээрх QR код болон дараах линкээр авах боломжтой: Https://travel-europe.europa.eu/ees/tr/to-whom-does-ees-not-apply