Элчин сайдын мэндчилгээ
2025-07-04
МОНГОЛ, ЧЕХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ 75 ЖИЛ: ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦАА
Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны цахим хуудсанд хандаж буй Танд амар амгаланг айлтган мэндчилж байна.
Тус ЭСЯ нь Монгол, Чехийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг "Иж бүрэн түншлэл"-ийн хүрээнд улам бэхжүүлж, Чех улсад аж төрж буй иргэд, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах, хувийн хэвшлийнхний харилцаа холбоог өргөжүүлэх, улс орноо сурталчлан таниулах зэргээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Монгол, Чех нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэдэг, ижил үнэт зүйлстэй ардчилсан улсууд бөгөөд эртний түүх, соёл, уламжлалаараа бахархдаг.
2025 онд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд харилцаа, харилцан итгэлцэл дээд түвшинд хүрч, ард түмнүүдийн хэлхээ холбоо гүнзгийрэн, хамтын ажиллагаа улс төр, нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэг зэрэг олон салбарт өргөжин хөгжиж ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 оны 3 дугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлал нь үүний тод жишээ юм. Энэхүү айлчлалын үр дүнд хоёр улсын харилцаа "Иж бүрэн түншлэл"-ийн түвшинд хүрч, боловсрол, хөдөө аж ахуй, цагдаа, хүчний байгууллага, соёл, спортын хамтын ажиллагааны чиглэлээр 7 баримт бичигт гарын үсэг зурсан нь түүхэн ач холбогдолтой үйл явдал болов.
Чех улсын тусламж, хөрөнгө оруулалтаар Монгол Улсад хэрэгжсэн олон бүтээн байгуулалт бий. Өнөөдөр хоёр орны хувийн хэвшлийнхэн Монголын түүхий эд, Чехийн технологи, ноу-хауг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хөдөө аж ахуй, байгаль орчин, ашигт малтмалын хайгуул зэрэг салбарт хамтран ажиллаж байна. Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд зохион байгуулсан бизнес форумд хоёр талаас 170 гаруй бизнес эрхлэгч оролцож, манай 7 аж ахуйн нэгж шинэ түншүүдтэйгээ хамтын ажиллагаагаа эхлүүлэн, 3 компани нийт 6.3 сая ам.долларын гэрээ байгуулсныг олзуурхан тэмдэглэж байна.
Хамтын ажиллагааны нэг чухал хэсэг нь иргэд хоорондын харилцаа юм. Өнгөрсөн он жилүүдэд хуучин Чехословак улсад, сүүлийн 30 орчим жилд Чех, Словак улсад нийт 20 мянга гаруй монгол хүн ажиллаж, суралцаж, мэргэжил эзэмшсэн байдаг.
Өнөөдрийн байдлаар манай 14,500 гаруй иргэн Чех улсад ажиллаж, амьдарч байгаагийн 4,000-аад нь 18 хүртэлх насны хүүхдүүд байна. Энэ нь хоёр улсын иргэдийн харилцаа улам гүнзгийрч буйг илтгэх бөгөөд иргэд хоорондын харилцаа нь харилцан ойлголцол, итгэлцэл, соёлын гүүр болдог. 2024 оны хичээлийн жилээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Илгээлт-2100 тэтгэлэгт хөтөлбөрөөр 29 оюутан Чехийн их, дээд сургуулиудад инженер, техник, технологи, компьютер, кибер аюулгүй байдлын чиглэлээр суралцаж байна.
Чех улсад суугаа монголчууд зөвхөн үйлдвэрт ажиллаад зогсохгүй, бизнес эрхлэх, их дээд сургуульд суралцах зэргээр амжилт бүтээл дүүрэн байна. Одоогоор 400 орчим иргэн бизнес эрхэлж байгаа нь сайшаалтай. ЭСЯ-наас иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, тэдний үүсгэл санаачилгын байгууллага, холбоодын үйл ажиллагааг дэмжихэд онцгой анхаарч ажилладаг. 2023 оны 3 дугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн Монгол, Чехийн Нийгмийн хамгааллын хэлэлцээр олон монгол иргэнд үр өгөөжөө өгч буйд баяртай байна. Мөн хоёр талын хүч чармайлтын үр дүнд хөдөлмөрийн гэрээгээр ирж буй иргэдийг сургалтад хамруулж, Чех улсад ажиллаж амьдрах, дасан зохицох талаарх мэдээллийг цэгцтэйгээр хүргэдэг болов. ЭСЯ-наас зохион байгуулдаг "Сэтгэлзүйн эрүүл мэнд ба стрессийг даван туулах нь" сэдэвт цуврал сургалт ч үр дүнгээ өгч байна. Чех улсад ажиллаж аж төрөхөөр ирсэн манай иргэд үндэсний жолооны үнэмлэхээ Чех Улсын жолооны үнэмлэхээр хуулийн дагуу сольж ашигладаг болсон нь цаг, санхүүтэй холбоотой олон давуу талыг бий болгосон.
ЭСЯ нь иргэдийн оролцоотойгоор суугаа оронд зохиогддог үндэсний соёл, урлаг, зоог, аялал жуулчлалын олон улсын өдөрлөгт оролцож, улс орноо сурталчлах арга хэмжээнүүдийг зохион байгуулаад байна. Элчин сайд монголчуудын ажилладаг үйлдвэрүүдээр зочилж, орон нутгийн удирдлагуудтай уулзаж, иргэдийн аж амьдрал, хүүхдийн боловсролын талаар санал солилцож ирэв. Тухайлбал, хилийн чанадад эцэг, эхийн хамт аж төрж буй монгол хүүхдүүдэд монгол хэл, соёл, өвийг зааж сургахад анхаарч, энэ чиглэлээр төв байгуулж ажиллах тухай иргэдийн санаачилгыг дэмжиж ажиллаж байна.
Прага хотын Амьтны хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй тахь нутагшуулах төсөл амжилттай үргэлжилж, Нөмрөгийн дархан цаазат газрын ойролцоо шинэ нутгийг сонгон бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн Чехийн Менделийн их сургуулиар ахлуулсан 10 гаруй их дээд сургуулийн консорциум Монголд ойн менежментийн төсөл хэрэгжүүлж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2023–2028 оныг "Монголд зорчих жил" болгон зарласантай холбогдуулан эх орноо сурталчлах арга хэмжээнд монгол иргэд, холбоод идэвхтэй оролцож буй нь талархууштай. Монголд зорчих чех, словак иргэд 2028 он хүртэл 30 хоног визгүй зорчих боломжтой болсон.
Дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойд зориулан ЭСЯ-наас Монголын түүх, соёл урлагийн томоохон арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Тухайлбал, Монголын Морин хуурын найрал хөгжмийн тоглолтыг Прагийн шилтгээний "Испанийн танхимд" болон Чехийн филармонийн "Рудольфинум"-ын тайзнаа 2025 оны 3 дугаар сард амжилттай зохион байгуулав.
Мөн Чингис хаан Үндэсний музей, Чехийн Үндэсний музей хамтран "Чингис Хаан" олон улсын үзэсгэлэнг 2025 оны 3 дугаар сарын 11-нээс 6 дугаар сарын 22-ны хооронд зохион байгуулж, олон мянган үзэгчдэд хүргэлээ.
Монголчууд маань оршин суугаа орны хууль журмыг хүндэтгэн сахиж, ёс заншил, соёлыг эрхэмлэн "Усыг нь уувал ёсыг нь дага" хэмээх сайхан монгол уламжлалаа даган, улс орныхоо нэр төрийг өндөрт өргөж яваа гэдэгт итгэлтэй байна.
Танд ЭСЯ-ны хамт олны өмнөөс болон хувиасаа эрүүл энх, сайн сайхны дээдийг хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн,
Элчин сайд Д.Гансүх
Прага хот, 2025 оны 7 дугаар сарын 1-ний өдөр