Жолооны үнэмлэхээ Чех улсын жолооны үнэмлэхээр солиулах тухай

2024-03-06


Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны А/316 дугаартай тушаалаар Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхний загварыг шинэчлэн баталж, ЦЕГ-ын Бүртгэл, хяналтын төв 2024 оны 1 дүгээр сараас шинэчилсэн загварын үнэмлэхийг олгож эхлээд байна. Энэхүү шинэчилсэн загварын жолоодох эрхийн үнэмлэхийг Замын хөдөлгөөний тухай 1968 оны Венийн конвенцийн хавсралтад нийцүүлэн гаргасан байна. Чех улсад аж төрж буй буй манай иргэдийн тухайд, тус улсад 1 жилээс дээш хугацаанд оршин суух зөвшөөрөлтэй, тухайн жилдээ хамгийн багадаа 185 хоног Чех улсад тогтмол байснаа нотлох баримт бичигтэй бол дээрх шинэчилсэн загварын үнэмлэхийг Чех улсын жолооны үнэмлэхээр солиулах боломжтой болж байна.
 
Гадаад улсад суугаа иргэд шинэчилсэн загварын жолооны үнэмлэхийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан итгэмжлэлээр эсвэл “E-Mongolia” төрийн цахим үйлчилгээний нэгдсэн порталаар дамжуулан захиалах боломжтой юм.
 
Үнэмлэх солиулахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Чех улсад оршин суугаа иргэд харьяа хотынхоо захиргаанаас авах боломжтой.