2022 онд иргэдэд үзүүлсэн консулын үйлчилгээний мэдээлэл

2023-01-06


Тус ЭСЯ 2022 онд иргэддээ төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэх, эрх ашгийг нь хамгаалах, санал бодлыг нь сонсох, ажиллаж, амьдарч байгаа улс орныхоо хууль, журмыг сахих, ёс заншлыг хүндэтгэх, биеэ зөв авч явах талаар мэдээлэл, зөвлөмж өгч хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрлээ. Манай иргэдийн зүгээс ЭСЯ-тайгаа хамтран ажиллаж ирсэнд талархаж байна. Зарим гол үйл явдлаас дурдвал:  
 
  • Чехэд улсад  манай улсын 11700 гаруй иргэн ажиллаж, амьдарч байна. Манай иргэд тус улсын 50 орчим том, жижиг үйлдвэрийн газар ажилладаг. Автомашины суудлын бүрээс, жолооны бүрээс, хамгаалалтын бүс оёх, автомашины хянах самбар, цахилгааны эд анги угсрах, электрон барааны үйлдвэрт угсралт хийх, трамвай, вагон, машины үйлдвэрт гагнуур, тахиа шувуу, махны үйлдвэрт ажиллаж байна.
  • Ческа Липа хотод хамгийн олон буюу 2058, Прагад 1046, Пардубицэд 1014, Млада Болеславд 558, Хавличкув Брод 557, Кутна Хорад 464, Хэб 393, Литомержицэ хотод 391 иргэн тус тус амьдарч байна. Мөн 3000 шахам 16 хүртэлх насны хүүхэд эцэг, эхтэйгээ амьдарч байна. Тэднээс 1400 орчим нь бүх шатны сургуульд хамрагддаг.
  • 80 орчим оюутан суралцаж байгаа бөгөөд их эмч, ойн инженер, хүнсний технологич, мэдээллийн технологи, уул уурхайн инженер зэрэг нарийн мэргэжлээр ажилладаг 10 гаруй хүн байна. Манай иргэдийн үүсгэл санаачилгаар байгуулагдсан 8 ТББ үйл ажиллагаа явуулдаг.
  • Словак улсад манай 102 иргэн оршин сууж байна.
  • Давхардсан тоогоор 6500 шахам иргэнд консулын болон нотариатын үйлчилгээ үзүүлсэн. Шинээр мэндэлсэн 224 хүүхэд, 74 хосын гэрлэлтийг бүртгэв.  
  • Ческа Липа, Пардубицэ, Брно хотуудад явуулын консулын үйлчилгээ үзүүлж, 340 гаруй хүн хамрагдав.
  • Монголчуудын ажилладаг Gestamp (100), Фоксконн (800), Адиент (430), Megatech Industries Brno (46), Nova Mosalina (26) зэрэг үйлдвэрийг үзэж, үйлдвэрийн удирдлага, монгол иргэдтэйгээ уулзав.
  • Пардубицэ, Жатэц, Храдэц Краловэ, Брно, Лэдцэ зэрэг хот, аймгийн удирдлагуудтай уулзаж, иргэдийн эрх ашгийг хамгаалах, ажил, сургууль, цэцэрлэгийн нөхцөл байдлын талаар ярилцав.
  • Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Чех дэх салбар, Пардубицэ, Ческа Липа зэрэг хотын Интеграцчлалын төвүүдтэй хамтран ажиллаж ирэв. 120 иргэнд хууль эрх зүйн туслалцаа, зөвлөмж өгч ажиллав. 25 иргэнийг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын шугамаар эх орондоо буцахад нь туслав.
  • Нийт 12 000 гаруй иргэн утсаар, биечлэн, цахимаар холбогдож, зөвлөгөө  мэдээлэл авсан байна.
  • Иргэдтэй хамгийн ойр ажилладаг шүүхийн тамгатай орчуулагчдыг ЭСЯ дээр урьж уулзаж, хамтран ажиллах талаар ярилцав.
  • Чехэд сургууль төгссөн, сурч буй оюутан залуусын уулзалтыг ЭСЯ дээр зохион байгуулав.
  • Хаврын баяр” спортын тэмцээнийг “Монгол, Чех залуусын ирээдүй, хөгжил” ТББ, Чехэд суралцагч оюутан залуусын Холбоо, “Moway” залуусын нэгдэл, бизнесийн болон үйлдвэр аж ахуйн төлөөлөл, хувь хүмүүстэй хамтран  зохион байгуулав. 1200 орчим хүн үзэж сонирхжээ.​​​​​​​​​​​​​​​​
  • Манай иргэд оршин суугаа хот, аймгийн захиргаа болон үйлдвэр, аж ахуйн газартайгаа хамтран урлаг, соёл, спортын арга хэмжээнүүдийг санаачлан зохион байгуулж, улс орноо сурталчилсан нь сайшаалтай байв.   
  • Есөн ээж “Эхийн алдар” одонгоо гардаж авлаа. Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээр 3 иргэн шагнуулав.   
  • ​​​​​​​2022 оны 10 дугаар сараас эхэлсэн цахим нотариатад шилжих явц хэвийн болж байна. Манай иргэд шинэ үйлчилгээнд амархан дасч байгаа нь сайшаалтай байна.
  • Манай иргэдийн хүсэн хүлээдэг Монгол, Чехийн Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг Чехийн шинээр байгуулагдсан Парламент хэлэлцэн батлав. Одоо Чех улсын Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар Хэлэлцээр хүчин төгөлдөр болно.
  • ​​​​​​​ЭСЯ веб хуудсаа шинэчлэв. Манай иргэд ЭСЯ-ныхаа ФБ-ыг олноороо дагаж мэдээлэл авч байгаад талархаж байна. ФБ хуудсанд 130 шахам мэдээлэл, зөвлөгөө, зөвлөмж оруулжээ. ФБ дагагчдын тоо 8812 болсон нь өмнөх оны мөн үеийнхээс 2300 орчмоор нэмэгдсэн үзүүлэлт юм.