images

ЭЛЧИН САЙД ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ, СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

Чехэд оршин суугаа гадаадын иргэдэд зориулсан гарын авлага (Монгол хэл дээр)

2025-04-07

27

Элчин сайд Д.Гансүх Брно хотын Масарикийн Их сургуулийн Философийн сургуульд 4 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд болсон “Төв Ази дахь орон нутгийн түүх, хүрээлэн буй орчин хийгээд нүүдлийн мал аж ахуй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болон “Монгол Соёлын өдөр” арга хэмжээний хэлэлцүүлэгт оролцов.
 
 
Монгол Улс, БНЧУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд тус ЭСЯ, Брно хот дахь Масарикийн Их сургуулийн Философийн сургуулийн Монгол, Солонгос, Вьетнам судлалын тэнхим, ЮНЕСКО-гийн ивээл дор Нүүдлийн соёл, иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгээс хамтран зохион байгуулсан тус Бага хурлыг Элчин сайд нээж хэлэхдээ, нүүдлийн соёл, аж ахуй нь монголчууд бидний мянга мянган жилд хуримтлуулсан оюуны үнэт өв, үндэсний соёл иргэншлийн язгуур үндэс, Монгол үндэстний ондоошил юм гээд тиймийн тул Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичиг “Алсын хараа 2050”-д үндэсний оюун санаа, өв соёл, сэтгэлгээнд тулгуурласан бүтээгч монгол хүн төвтэй нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан тэргүүлэх улс болох зорилт тавьсныг тэмдэглэж, энэхүү олон улсын форум нь нүүдлийн соёл иргэншлийн өвлүүлэн үлдэх, орчин цагийн хөгжил дэвшилтэй хослуулан аж төрөхөд ач холбогдолтойг илэрхийлэв.
 
Эрдэм шинжилгээний хуралд Монгол, Чех, Франц, Унгар, АНУ, Канад, БНХАУ, Катар зэрэг орны эрдэмтэн судлаачид оролцож, нүүдлийн соёл иргэншилтэй холбоотой 30 орчим илтгэл тавьж хэлэлцүүлэв.
 
Мөн үеэр ЮНЕСКО-гийн ивээл дор Нүүдлийн соёл, иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгээс “Монгол Соёлын өдөр” арга хэмжээ зохион байгуулж, энэ хүрээнд “Дэлхийн нүүдэлчдэд тулгарч буй сорилтууд: Нүүдэлчдийн харилцаа, үнэт зүйл ба өв соёл” хэлэлцүүлэг хийж, ЮНЕСКО-д бүртгэгдсэн соёлын биет бус өвүүдийг танилцууллаа. Хэлэлцүүлэгт эрдэмтэн судлаачдаас гадна ЭСЯ, Брно хот орчмын монгол иргэд оролцож, санал бодлоо солилцов.
 
“Нүүдэлчний мэдлэгийн Инж төв” ТББ-аас Монгол ёс уламжлалын тухай “Нүүдэлчин хүүхдийн 100 яагаад” номын танилцуулгыг хийж, монгол үндэсний дээл, хувцас, нүүдлийн соёлын илэрхийлэл бүхий гоёл, чимэглэл, тоглоом, бэлэг дурсгалын эд зүйлсээр үзэсгэлэн худалдаа гаргаж, олны хүртээл болгов.
 
Эдгээр арга хэмжээг зохион байгуулахад оролцсон, дэмжлэг үзүүлсэн, хүрэлцэн ирсэн хүмүүст ЭСЯ-ны зүгээс талархал илэрхийлье.