МОНГОЛ УЛСЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ
Монгол Улсын нийгэм,
эдийн засгийн байдлын тухай танилцуулга
Монгол Улсын хүн ам 2024 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 3.54 сая болж өмнөх оноос 42.0 мянгаар өсжээ.
Бодлогын баримт бичгүүд:
- Монгол Улсын урт хугацааны хөгжлийн “Алсын хараа-2050” бодлого, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого” зорилтот хөтөлбөр,
- Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл,
- “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үндсэн 4 бодлогыг тодорхойлсон. Үүнд:
- Бүсчилсэн хөгжлийн бодлого,
- Хүний хөгжлийн бодлого,
- Эдийн засгийн бодлого,
- Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого
Энэ үндсэн 4 бодлогын хүрээнд 16 чиглэлийн 620 зорилтыг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Тухайлбал, эрчим хүчний салбарын реформыг цаг алдалгүй эхлүүлэх, эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, аж үйлдвэржилт, бүсчилсэн хөгжил, шинэ хотын бүтээн байгуулалт зэрэг эдийн засгийг тэлэх 14 мега төслийг багтаасан.
Эдгээр мега төслүүдийн 5-аас доошгүй төслийг 2025 оны төсвийн жилд эхлүүлж чадвал 2025 оны эцэст ДНБ 95.0 их наяд төгрөгт хүрэх, 2026 онд бүтэн хөдөлгөж чадах аваас 2028 он гэхэд ДНБ132.3 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох ДНБ 10,000 ам.долларт хүрэх бодит боломж байна гэж тооцжээ.
Эдийн засгийн үзүүлэлтүүд:
ДНБ 2024 оны үнээр 37.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.4 их наяд төгрөгөөр буюу 20.8%-иар өссөн байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны урьдчилсан гүйцэтгэлээр 31.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 7.0 их наяд төгрөг буюу 28.7%-иар өссөн байна.
Гадаад валютын улсын нөөц 2023 оны эцийн урьдчилсан байдлаар 4.9 тэрбум ам. долларт хүрсэн бол 2024 оны урьдчилсан байдлаар 5 тэрбум ам. долларт хүрсэн байна. Нүүрсний экспорт нэмэгдэж валютын дотогшлох урсгал сайжирсны зэрэгцээ төгрөгийн харьцангуй өгөөжийг нэмэгдүүлсэн нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байхад голлон нөлөөлөв.
Монгол Улс 2024 онд нийт 163 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 27.4 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Монгол Улсын худалдааны нийт эргэлт 2024 онд 27.4 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 15.8 тэрбум ам.доллар, импорт 11.6 тэрбум ам.доллар болж, тэнцэл 4.2 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна.
Экспорт 2024 онд өмнөх оноос 596.5 сая ам.доллароор өсөхөд зэсийн хүдэр, баяжмал 693.4 сая ам.доллар, алт 161.4 сая ам.доллар, төмрийн хүдэр, баяжмал 152.8 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Импорт өмнөх оноос 2.4 тэрбум ам.доллароор өсөхөд суудлын автомашин 395.6 сая ам.доллар, ачааны автомашин 288.6 сая ам.доллар, дизелийн түлш 186.0 сая ам.доллар, бульдозер, авто хусуур, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 147.7 сая ам.доллар, автобензин 120.7 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлсөн.
Импортын дүнд 2024 онд БНХАУ 40.2%, ОХУ 24.3%, Япон 10.1%, АНУ 4.6%, БНСУ 4.2%, ХБНГУ 2.2 хувийг тус тус эзэлж, нийт импортын 85.6 хувийг бүрдүүлж байна. 2024 онд ОХУ-аас импортолсон барааны 71.4 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 77.1 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 10.9 хувийг ачааны автомашин тус тус эзэлж байна.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт манай улсад 2022 оны жилийн эцсийн байдлаар 3.4 тэрбум ам.доллар, 2024 оны эхний 9 сарын байдлаар 16.7 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 12 дугаар сард 7.9 хувь байсан бол 2024 оны 12 дугаар сард 9.0 хувь болж өссөн байна.
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2024 оны 12 дугаар сарын 12, 13-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны эрсдэлийг харгалзан бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргав.
Манай улсын хилээр 2024 онд 7 179.2 (давхардсан тоогоор) мянган зорчигч нэвтэрсэн нь өмнөх онтой харьцуулахад 1 844.3%(34.6%) мянгаар нэмэгджээ. Хилээр орсон гадаадын зорчигчдын 29.6 хувийг БНХАУ-ын иргэд, 26.2 хувийг ОХУ-ын иргэд, 22.6 хувийг БНСУ-ын улсын иргэд, 3.1 хувийг Япон улсын иргэд, 2.9 хувийг Казахстан улсын иргэд, 2.1 хувийг АНУ-ын иргэд, 13.5 хувийг бусад улсын иргэд эзэлж байна.
Монгол Улсын хэмжээнд 2024 оны жилийн эцэст 57.6 сая толгой (адуу 4.7 сая, үхэр 5.1 сая, тэмээ 480.6 мянга, хонь 24.5 сая, ямаа 22.9 сая) мал тоологдсон.
Хамтарсан Засгийн газар хэрэгжүүлэхээр зарласан 14 мега төслийн эхний 3 төсөл амжилттай эхлэв. Үүнд:
- Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын “Орано Майнинг” компанитай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гарын үсэг зурав. Төслийн хүрээнд ногоон эрчим хүч болох цөмийн эрчим хүчний үндсэн түүхий эд 68.9 мянган тонн уран үйлдвэрлэж, улс орнуудын хүлэмжийн хийн ялгарлыг 3.9 тэрбум тонноор бууруулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх 2015 оны Парисын хэлэлцээрээр Нэгдсэн Үндэстний байгууллага, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэх чухал алхам болж байна. Мөн төслийг хэрэгжүүлснээр Монголын ард түмэнд 5 орчим тэрбум ам.долларын ашиг орлого авчрах бөгөөд орон нутгийн хөгжлийн санд 44 сая ам.долларыг шууд шилжүүлж, орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хөгжилд зориулагдах боломж бүрдэнэ.Түүнчлэн энэхүү гэрээ нь Монгол Улсын Засгийн газраас гуравдагч оронтой байгуулах хоёр дахь томоохон хөрөнгө оруулалтын гэрээ бөгөөд цаашид уул уурхай, ашигт малтмалын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын гэрээнд жишиг тогтооно гэж үзэж байна.
- “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрт 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гарын үсэг зурсан. Төслийг хэрэгжүүлснээр баруун бүс болон Алтай-Улиастай эрчим хүчний системийн импортын цахилгаан эрчим хүчний хэрэглээг тэглэж, ногоон эрчим хүчээр 100 хувь бүрэн хангаж, их ачааллын үед төвийн эрчим хүчний системийг дэмжиж ажиллах бололцоо бүрдэнэ.
- “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцүүлэв.
Тус хэлэлцээр нь хоёр талд урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлт бий болгох, хоёр талын төрийн өмчит хуулийн этгээд хооронд байгуулах нүүрс худалдах, худалдан авах гэрээг харилцан ашигтай, нийлүүлэлт тогтвортой байх зарчмын дагуу байгуулах, нүүрсний орд дахь уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой.
Fitch Ratings - Олон улсын үнэлгээний “Fitch Ratings” агентлаг 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг "B+" болгож, эдийн засгийн төлөвийг “Тогтвортой” байна гэж зарлав. Мөн тус байгууллагаас Монгол Улсын экспортын гол түүхий эд БНХАУ-д эрэлттэй хэвээр байгаа тул ДНБ 2025 онд 7% хүртэл өснө гэж төсөөлсөн байна.
S&P Global Ratings - Монгол Улсын урт болон богино хугацааны зээлжих зэрэглэл "B+" буюу хэтийн төлөв тогтвортой бөгөөд түүхий эдээс хамааралтай Монголын эдийн засаг 2024 онд нүүрс, зэсийн экспорт нэмэгдсэнээр 6% хүрч өсөх боломжтойг тэмдэглэсэн.
2025 оны 1 дүгээр сар