images

Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдины Гансүхийн Чех улсын “LEADERS” сэтгүүлд өгсөн ярилцлага

Элчин сайдын ярилцлага

2024-01-02

429

МӨНХ ХӨХ ТЭНГЭРИЙН ОРОН – МОНГОЛ УЛСАД ТАВТАЙ МОРИЛООРОЙ.
 
Манай уншигчдад Монгол орны тухай танилцуулна уу.
 
Монгол бол Зүүн Хойд Азийн бүс нутагт оршдог улс. Манай улс 1,564,116 километр квадрат нутаг дэвсгэртэй бөгөөд хүн амын тоо 3,457,548 хүрээд байна. Бид олон зуун жилийн туршид үе улируулан өвлөж ирсэн аугаа түүх, нүүдлийн соёл иргэншлийн баялаг уламжлалтай үндэстэн юм. Монгол бол ардчилсан орон. Ашигт малтмалаар баялаг тул улсын эдийн засгийн ихээхэн хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Манай улсын ДНБ 2022 онд 4.8 хувиар өссөн бол энэ онд 5.3 хувиар өсөх төсөөлөлтэй байна.
 
Та хоёр жилийн өмнө Монгол Улсаас Чех улсад суух Элчин сайдаар томилогдон ирсэн. Та энэ хүртэлх ажил, амьдралынхаа талаар товч танилцуулна уу.
 
Би Архангай аймгийн Хашаат суманд малчны гэр бүлд төрж өссөн. Би 8 хүүхэдтэй айлын 4 дэх нь. Хөдөө сумандаа дунд сургууль төгссөн. Дараа нь Улаанбаатар хотод ирж Монгол Улсын Их сургуульд нэг жил суралцаад байж байтал Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд элсэн суралцах завшаан тохиосон. Ийнхүү Москвад 5 жил суралцаж төгсөөд л миний дипломат болох зам эхэлсэн дээ. 1992 оноос хойш Монгол Улсын гадаад харилцааны салбарт 30 гаруй жил ажиллаж байна. ГХЯ-нд Хэвлэл, мэдээллийн хэлтэс, Олон талт хамтын ажиллагааны газар, Бодлого төлөвлөлтийн газар, мөн АСЕАН-ы орнуудыг хариуцан ажиллаж байсан. Мөн хугацаанд хилийн чанад дахь ЭСЯ-дад ажиллаж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх намайг Монгол Улсаас Чех улсад суух Элчин сайдаар томилохоос өмнө би ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын захирлын албыг хашиж байсан. Энэ газрын удирдлагаар ажиллахдаа АНУ-тай Стратегийн түншлэлийн харилцаа тогтооход гар бие оролцсондоо баяртай байдаг. АНУ нь Монголын ардчилал, өөрчлөлт шинэчлэлийг анхнаас нь дэмжиж ирсэн, Монгол Улсын чухал гуравдагч хөрш улс юм. Харин 2019 онд Монгол Улсын 5 дахь Стратегийн түнш орон болсон.
 
Таныг дипломат болоход юу нөлөөлсөн бэ?
 
Монголын түүх, түүний туулсан зам хамгийн их нөлөөлсөн гэж боддог.  Чингис Хаан XIII зуунд монгол туургатныг нэгтгэн, төрт улсаа сэргээн мандуулж, Их Монгол Улсыг байгуулсан. Дэлхий дахинд Монголын их амар амгаланг тогтоосон түүхийг бид бүхэн мэднэ. Өнөөдөр Монгол Улс дэлхий дахины энх тайван, хүн төрөлхтний амар амгалан, аюулгүй байдлын төлөөх үйлсэд идэвхтэй оролцож байна. Өнгөрсөн жил НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад айлчлахдаа “Монгол Улс бол энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс” хэмээн онцолсон.
Чингис Хаан “Элчин харилцаа бол төрийн алтан аргамж юм” гэж сургасан байдаг. Би энэ үгийг үргэлж санаж, Элчин сайдын албаа нэр төртэй хашихыг хичээж ажиллаж байна. Монголтой ойр дотно харилцаатай Чех улсад намайг Элчин сайдаар томилж, өндөр итгэл хүлээлгэсэн Засгийн газартаа гүнээ талархаж явдаг.
 
 
Чех улсад ажиллах хугацаанд Танд төрсөн сэтгэгдэл, онцлох зүйлсийн талаар мэдэхийг хүсэж байна.
  
Надад Чех улстай холбоотой 2 сонирхолтой тохиолдол байдаг. Эхнийх нь, Чех улс бол миний зочилж байсан анхны гадаад улс. Би бүр сурагч байхдаа одоогоос 40-өөд жилийн өмнө Чехословак улсад ирж, олон улсын хүүхдийн зусланд амарч байсан. Би тэр үед Прагийн Амьтны хүрээлэнд очиж үзсэнээ санадаг. Амьтны хүрээлэнд өмнө нь биечлэн харж байгаагүй олон амьтан, Прага хотод олон зуун жилийн түүхтэй барилга байшин байдаг тухай нутгийнхандаа, найзууддаа сонирхуулан ярьж өгдөг байсан. Энэ удаа эх орноо төлөөлөн Элчин сайдаар ажиллаж байна. Мөн Элчин сайдаар ажиллах болсон анхны улс. Чех улс уламжлал, шинэчлэлийг зэрэг ашиглаж байгаа нь надад маш их анзаарагддаг. Монгол, Чех хоёр улс бол эртний түүх, соёлтой. Уламжлал болон инновацыг хэрхэн зохистой хослуулж байгаа тухайд бид Чех улсаас суралцах боломжтой гэж боддог.
 
Та хэдэн улсад томилогдон ажилласан бэ?
 
Энэ удаагийнх миний дөрөв дэх томилолт. Би анх Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа ЭСЯ-нд томилогдож байсан. Тэр үед манай улс Бангкок хотноо суурин ажиллах ЭСЯ-аа нээж байсан болохоор үнэхээр сонирхолтой байсан. Дараа нь би Оттава дахь ЭСЯ-ндаа зөвлөхөөр ажилласан. Мөн Вашингтон ДС дэх ЭСЯ-нд Элчин зөвлөх бөгөөд Дэд тэргүүнээр ажилласан. Энэ он жилүүдэд  бас л Монгол, АНУ-ын харилцаанд өрнөсөн олон чухал үйл явдлын гэрч болсон. АНУ-ын Конгрессоор Монгол Улсыг дэмжсэн тогтоол гаргуулах, АНУ-ын Мянганы сорилтын сангаас Монголд хэрэгжүүлэх 2 дахь төслийг эхлүүлэх үйл ажиллагаа, яриа хэлэлцээнд оролцож байсан. Одоо Мянганы сорилтын сангийн хөтөлбөрийн шугамаар Улаанбаатар хотын хүн амын ундны усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх 350 ам. долларын төсөл амжилттай хэрэгжиж байна. Монгол Улс анх удаагаа саарал ус цэвэршүүлэх үйлдвэртэй болох юм. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж мөн шинэчлэгдэнэ.
 
Элчин сайдын ажил болон Таны амьдралын хэв маяг хоорондоо хэр нийцтэй байдаг вэ?
 
Дипломат хүний амьдралын хэв маяг сонирхолтой байж болох юм. Аль нэг улс оронд тодорхой хугацаанд ажиллаж амьдарна. Тухайн улсын соёл зан заншил, хүн ардыг таньж мэдэхэд их сонирхолтой. Эх орондоо мөн хэсэг хугацаанд ажиллаж амьдарна. Хилийн чанадад амьдарч байгаад эх орондоо эргэж ирэхэд гарсан өөрчлөлт шинэчлэл, дэвшилттэй болоод хоцорч яваа асуудлууд илүү мэдрэгддэг. Үүнээс бас суралцана. Нөгөөтэйгүүр дипломат хүнд аль  нэг улсын төр, засгийн тэргүүнээс авахуулаад нийгмийн бүх давхаргын хүмүүстэй харилцах боломж нээлттэй байдаг. Дипломат үйл ажиллагааны салшгүй хэсэг нь харилцаа, хэлхээ холбоо тогтоох. Би хүмүүстэй ярилцах дуртай.
 
Манай гэр бүлийнхэн миний ажлыг ойлгож, дуртай байдагт талархдаг. Тэднийхээ дэмжлэг, урмаар тэтгэгдэн Aтташегаас Элчин сайд болох хүртэлх замналыг хамтдаа туулж яваадаа би сэтгэл хангалуун байдаг.
 
Ярилцлагын эхэнд Та Монгол Улсын эдийн засгийн гол үзүүлэлтийн талаар дурдсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсье.
 
Бусад улс оронтой адилаар Монгол Улсын эдийн засаг КОВИД-19 цар тахалд ихээр нэрвэгдсэн. Эдийн засгаа сэргээх, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг бууруулах зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж байна. Энэхүү бодлого нь хилийн боомт, эрчим хүчний хамаарал, аж үйлдвэржилт, хот хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжил, төрийн бүтээмж гэсэн  6 салбарт төвлөрч, эдийн засгийг хязгаарлаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн.
 
Засгийн газар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин болон институтийн тогтолцоог сайжруулах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Монгол Улс гадаадын 43 оронтой хоёр талын хөрөнгө оруулалтын хэлэлцээр, 26 оронтой давхар татварын хэлэлцээр байгуулсан. Мөн Хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлэх Вашингтоны конвенц, Олон улсын худалдааны эрх зүйн НҮБ-ын Комисс, Ази-Номхон далайн худалдааны хэлэлцээр, Эрчим хүчний харт зэрэг олон талт хэлэлцээрийн оролцогч. Төрийн үйлчилгээг цахимжуулах нь төрийн бодлогыг оновчтой болгох чухал алхам бөгөөд энэхүү үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж байна.
 
Засгийн газар хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, аялал жуулчлал болон эрчим хүч зэрэг уул уурхайн бус салбарт хөрөнгө оруулалт татахад онцгойлон анхаарч байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга дор хүнсний аюулгүй байдлыг хангаж, фермийн аж ахуй болон хөдөө аж ахуйг бэхжүүлэх “Хүнсний хувьсал” хөтөлбөрийг улс орон даяар хэрэгжүүлж байна.  
 
Засгийн газар 2023 онд 1 сая жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбараас 1.2 тэрбум ам. долларын орлого олох зорилт тавьсан. Гадаадын жуулчдыг татах  зорилтын хүрээнд 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, гадаадын 34 орныг визийн шаардлагаас чөлөөлсний 32 нь Европын орон юм. Ингэснээр аялал жуулчлалын зорилгоор манай улсад 66 орны иргэд визгүй зорчих боломжтой болсон бол 99 орны иргэд цахим виз мэдүүлэх боломжтой болсон.
 
Уул уурхайн бус салбарыг хөгжүүлэхэд Европын Холбоо манай улсын гол түнш байж чадна гэж боддог. ЕХ-той Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан бөгөөд 7200 нэр төрлийн бүтээгдэхүүн ЕХ-ны зах зээл руу тарифын хөнгөлөлттэй нийлүүлэх GSP+ хөнгөлөлтийн системд хамрагддаг болсон.
 
Мөн Монгол Улсын төр, засаг улсынхаа төвийн бүсэд шинэ “Хархорум” хот байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд гадаадын түншүүдээ оролцохыг урьж, уриалж байгаа.  
 
Жуулчдыг татах талаар ярьсантай холбогдуулан Монгол Улс Чехийн иргэдийн хувьд зочлох орны нэгд тооцогддог уу?
 
Өмнө дурдсанчлан Монгол Улс 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Манай улсад аялах ЕХ-ны иргэд визгүй зорчих боломжтой болсон. Түүнээс гадна спорт, урлагийн арга хэмжээнд оролцох төлөөлөгчид, кино, контент бүтээгчид болон дамжин өнгөрөх зорчигчид Монгол оронд визгүй зорчих боломжтой болсон.
 
Монгол бол зайлшгүй зочлох орон мөн гэж хэлнэ. Мөнх цаст оргил, нүд алдам говь нутаг, өргөм уудам тал нутаг гээд манай оронд үзэх зүйл их бий. Морин аялал манай улсын өнцөг булан бүрт байдаг бол дэлхийд зөвхөн Монголд л байдаг хоёр бөхтэй тэмээн аялал говийн нутагт байдаг. Чехийн анд нөхдийг Монгол оронд аялж, манай сайхан эх орноор аялахыг урьж байна. ЮНЕСКО-гийн өвийн жагсаалтад бүртгэлтэй газрааc эхлүүлэн үзэсгэлэнт байгалиар аялахад зун болон намрын улирал нь Монголд аялах хамгийн тохиромжтой үе. Монгол гэрт малчин айлд зочилж  үзэх нь Таны аяллын хамгийн сэтгэл догдлуулсан мөч байх болно гэдгийг амлаж байна. Өглөөний наран Таны дэргэд мандаж, шөнийн тэнгэрт мяралзах мянга мянган одод Таны дээрээс асгарах мэт сэтгэгдэл төрүүлнэ.   
 
Эко аялал Монголд мөн дэлгэрч байна. Улаанбаатар дахь Чех улсын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Чехийн явган алхалтын тэмдэглэгээг энэ оны 6 дугаар сард Монголд нэвтрүүлснийг онцолмоор байна. Монгол Улс 4000 гаруй гол горхитой бөгөөд Чехийн загасчдын дунд энэ аялал алдаршихад Чехийн алдарт аялагч Я.Вагнерын хийсэн баримтат кино чухал нөлөөтэй. Мөн Монголд өвлийн улиралд загасчлах аялал түгээмэл болж байгаа бөгөөд загасчлах газрууд нь нийслэл Улаанбаатар хоттой ойр байдаг. Чехийн анд нөхдөө мөнх хөх тэнгэрийн оронд зорьж очихыг урьж байна.  
 
 
Байгальд хайртай чехүүд Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улс хоорондын онцгой харилцаагаар бахархдаг. Та энэ талаар ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?
 
Прага хотын амьтны хүрээлэн 20 гаруй жилийн туршид тахийг эргэн нутагшуулах чухал төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн тусламжтайгаар уугуул нутагтаа бараг устан алга болсон тахь Монголын тал нутагт эргэн суурьшсан. Гурав дахь ээлжийн төслийг Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газар хэрэгжүүлж эхлүүлсэн. Өмнөх төслүүдийн хүрээнд тахийг Говийн дархан цаазат Б нутаг болон Хомын талд нутагшуулсан. Онгоцоор зөөж аваачсан  34 тахийн тоо толгой өсч, одоо 400 гаруй болсон. Тахийг эх нутагт нь эргэн суурьшуулах төсөлд оролцсон хүн бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.  
 
Хоёр орны ард түмэн хооронд удаан хугацаанд үргэлжилж буй харилцаа зөвхөн энэ биш билээ.
 
Тэгэлгүй яах вэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 онд санаачилсан “Тэрбум мод” ногоон хөгжлийн хөтөлбөрийг дурдмаар байна. Монгол Улс Европын Холбоотой Египет улсын Шарм Эль-Шейх хотноо 2022 онд Ойн түншлэлийн санамж бичиг байгуулсан. Чехийн Менделийн Их сургуулийн тэргүүлж буй судлаач, эрдэмтэд Монголын ойн судалгаа болон ойн менежментийг сайжруулахад идэвхтэй оролцож, хувь нэмрээ оруулж байна. Бид Монголын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Европын Холбоотой байгуулсан “Ойн түншлэлийн” хүрээнд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг бүрэн дэмжих болно.
 
Түүнчлэн, Чехийн Боловсрол, залуучууд, спортын дэд сайд Я.Мирослав 4 дүгээр сард Монгол Улсад айлчилж, Монгол Улсын БШУЯ болон Чехийн БЗСЯ хооронд Тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх хамтын ажиллагааг дэмжих тухай санамж бичигт гарын үсэг зурсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжүүлж буй “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Чехийн нэр хүндтэй их, дээд сургуульд энэ хичээлийн жилээс эхлэн Монголын олон оюутнууд ирж суралцана.
 
Дурдахгүй өнгөрүүлж болохгүй өөр нэг зүйл бол Чех улсад Монголын 12 мянга гаруй мэргэжилтэй ажилчид хөдөлмөр эрхэлдэг. Европ дахь хамгийн олон монголчууд Чехэд оршин сууж байгаа нь хоёр орны иргэд хоорондын харилцаанд дэмжлэг болж байгаа нь дамжиггүй.  
 
Хоёр орны харилцаанд өрнөж буй үйл явдлын талаар ярилцсантай холбогдуулан Чех-Монголын харилцааны өнөөгийн байдлын талаар асуухад таатай байна.
 
Манай хоёр орон 1950 онд дипломат харилцаа тогтоосноор Чехословак улс Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн 4 дэх улс болсон. Бид удаан хугацаанд үргэлжилж буй анд нөхдийн харилцаатай, манай хоёр орны иргэд бат бэх хэлхээ холбоотой бөгөөд хоёр орон ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг дээдэлсэн нийтлэг үнэт зүйлстэй. Манай хоёр улсын улс төрийн харилцаа дээд түвшинд хүрсэн бөгөөд талууд хоёр талын харилцааг өргөжүүлэх бүрэн боломж бий гэдэгт санал нэгтэй байдаг.
 
Манай “Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд бид Европын Холбоотой хөгжүүлж буй түншлэл, түүний гишүүн орон Чех улстай харилцах харилцаанд онцгой анхаарал хандуулдаг. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Чех улсад энэ оны 5 дугаар сард айлчилж, эдийн засаг, боловсрол болон шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар үр дүнтэй яриа хэлэлцээ хийсэн.
 
Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь бидний хамтын ажиллагааны цөм юм. Засгийн газар хоорондын хамтарсан хороо худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцааг дэмжиж, өргөжүүлэх чухал талбар. Хамтарсан хорооны 8 дугаар хуралдааныг энэ оны 3 дугаар улиралд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэлтийг хангаж байна. Жил тутам болдог Монгол-Чехийн бизнес форумыг хуралдааны хүрээнд мөн зохион байгуулна. Эдгээр арга хэмжээнээс бодит үр дүн гарна гэсэн хүлээлттэй байна.
 
Энэхүү ярилцлага Монгол Улсын Үндэсний баярын арга хэмжээнд зориулсан билээ. Та өөрийн улсад болон Чех улсад хүсэж буй зүйлээ хэлэхийг хүсье.
 
Монголчууд жил бүрийн 7 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд Үндэсний их баяр наадмаа тэмдэглэдэг. Үндэсний их баяр наадам нь Хүннү гүрний нэгдсэн төр байгуулагдсан үе буюу МЭӨ I-II зууны үеэс эхтэй. Үндэсний их баяр наадам нь тухайн үед Монголчууд бутархай овог аймгаа нэгтгэсний билэг тэмдэг байсан. Бөхийн барилдаан, морин уралдаан, сур харваа нь Наадмын үндсэн гурван төрөл. ЮНЕСКО манай Үндэсний их баяр наадмыг 2010 онд Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтдаа бүртгэн авсан. Энэхүү чухал баярыг тохиолдуулан эх орондоо хөгжил, дэвшил, нийт монголчууд, Монголын анд нөхөд болон “Leaders” сэтгүүлийн хүндэт уншигчдадаа Наадмын баярын мэндийг дэвшүүлье.
 
Чех улс хөгжил дэвшлийнхээ төлөөх эрхэм үйлсдээ амжилт гаргахыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөж байна. Монгол Улс, Чех улс хоорондын найрсаг харилцаа, нөхөрлөл ашид бэхжихийн ерөөлийг дэвшүүлье.
 
Ярилцлагын холбоос: https://www.czechleaders.com/e-magazines/issue-03-2023