МОНГОЛ, ЧЕХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА - 2022 ОНД

2023-01-11


2022 оныг 2019 оны сүүлчээр эхэлж, дэлхий дахиныг 2 жил гаруй “хаалттай” байлгасан Ковид-19 цар тахлын хүрээ хумигдаж, улс орнууд аль болох нээлттэй болж, хамтын ажиллагаагаа сэргээсэн цаг үе гэж үзэж болох юм. Монгол, Чехийн хооронд 2022 онд өрнөсөн хамтын ажиллагааны гол гол үйл явдлаас тоймлон хүргэвэл:
 
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНЧУ-ын Ерөнхий сайд П.Фиала нар 2022 оны 11 дүгээр сарын 7-нд Египетийн Шарм-Эль-Шейх хотноо болсон Уур амьсгалын асуудлаарх дэлхий дахины Дээд түвшний уулзалтын үеэр уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

  • Гадаад харилцааны Дэд сайд 2022 оны 4 дүгээр сарын 6-8-нд Чех улсад айлчлав.

  • Монгол, Чехийн ГХЯ-д хоорондын 5 дахь зөвлөлдөх уулзалтыг 2022 оны 4 дүгээр сарын 7-нд Прага хотод зохион байгуулав.

  • Чех улсын шинээр байгуулагдсан Төлөөлөгчдийн танхим дахь Чех, Монголын Парламентын найрамдлын бүлэг 2022 оны 2 дугаар сард байгуулагдаж, Бүлгийн даргаар гишүүн С.Берковец сонгогдон 8 гишүүнтэй ажиллаж байна. Бүлгийн дарга С.Берковец УИХ дахь Монгол, Чехийн Парламентын бүлгийн дарга Б.Энхбаярын урилгаар 2022 оны 6 дугаар сард манай улсад айлчлав.

  • Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хооронд 2019 онд гарын үсэг зурсан Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг Чех улсын шинээр байгуулагдсан Сенатын танхим 2022.05.11-нд, Төлөөлөгчдийн танхим 2022.06.16-нд тус тус хэлэлцэж, соёрхон батлахыг дэмжив.

  • Монгол, Чехийн бизнес форум 2022 оны 10 дугаар сарын 12-нд Улаанбаатар хотноо болов. Энэ удаагийн форумд чехийн талаас эмнэлгийн тоног төхөөрөмж, тээвэр логистик, хими технологи, архитектур зураг төсөл, нийтийн тээврийн хэрэгсэл, нислэгийн системийн хөдөлгөөний хяналтын системийн үйлдвэрлэгч, барилгын зөвлөх үйлчилгээ, аялал жуулчлал, хүний нөөц, экспортын даатгал зэрэг салбарын 10 гаруй аж ахуй нэгжийн 30 шахам төлөөлөгч оролцож, Монголын 30 гаруй бизнес эрхлэгчтэй В2В уулзалтыг амжилттай зохион байгуулав. Чехийн бизнесийн төлөөлөгчдийг Чехийн Худалдааны танхимын Дэд ерөнхийлөгч Р.Якубский тэргүүлэн оролцов.

  • Монгол, Чехийн хувийн хэвшлийн хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байна. Тухайлбал, Чехийн “Finep” компани Эрдэнэт хотод 1000 айлын Евро стандартын эко орон сууц барьж, Булган аймагт мөн ийм 800 айлын орон сууц барихаар ажиллаж байна. Монголын ТАСО Стөүнз ХХК Чехийн “GESTRA компанийн боржин чулуун хавтан үйлдвэрлэх шугамыг Монголд нэвтрүүлж, үйлдвэрлэлээ эхлүүлээд байна.      

  • Прага хотын Амьтны хүрээлэнгийн тахь сэргээн нутагшуулах баг 2022 оны 5, 6,10 дугаар саруудад Монголд ажиллав. Тус багийнхан Дорнод аймгийн “Нөмрөгийн Дархан цаазат газар”-ын орчим тахь сэргээн нутагшуулах байршлаа сонгохтой холбоотой судалгааны үр дүнгээ БОАЖЯ-нд танилцуулав. Монгол тахийг эх нутагт нь эргэн нутагшуулсны 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын Амьтны хүрээлэнгийн захирал М.Бобекийг төрийн дээд Алтан гадас одонгоор шагнав.

  • Чех улсын Менделийн Их сургуулийн тэргүүлдэг олон улсын 12 их, дээд сургуулийн концерциум ЕХ тэргүүтэй байгууллагуудын Монгол Улсад хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” (STREAM) төслийг удирдан ажиллаж байна. STREAM төслийн хүрээнд Монголын ой модны судалгаа, хамгаалалт, боловсон хүчин, чадавхыг бэхжүүлэх ажил хийгдэж байгаа бөгөөд Менделийн Их сургуулийн багш Ян Шебестагаар ахлуулсан баг энэ оны 6, 9 дүгээр саруудад Монголд ажиллав. Төсөл Сэлэнгэ аймгийн Ерөө (Бугант тосгон), Жавхлант, Мандал (Түнхэл тосгон), Хэнтий аймгийн Биндэр, Баян-Адарга, Өмнөдэлгэр сумдад 2024 он хүртэл хэрэгжинэ.

  • Карлын Их сургуулийн Ази судлалын хүрээлэн 2022 оны 10 дугаар сарын 27-28-нд Прага хотноо “Өөр хоорондоо болон бусадтай тогтоосон харилцаанаас үүдэлтэй монгол хэл, соёл дахь нөлөө” сэдэвт олон улсын монголч эрдэмтдийн Бага хурлыг зохион байгуулав. Хуралд  Чех, Унгар, Финланд, Швед, Герман, Франц, Итали, Орос, Швейцар, Катар, Румыны олон улсын нэртэй 40 шахам монгол судлаач, эрдэмтэд оролцсон. Монгол Улсын ГХЯ-ны санхүүжилтээр Карлын Их сургуулийн Монгол судлалын тэнхимээс эрхлэн гаргадаг Mongolica Pragensia сэтгүүлийн 2 дугаар хэвлэгдэв.

  • Монгол, Чехийн бүрэн дунд боловсролын гэрчилгээг дүйцүүлэх асуудлаар ярилцаж ажиллав. Үүний үр дүнд Чехийн тухайн их, дээд сургууль суралцах оюутныхаа бүрэн дунд боловсролын гэрчилгээг дүйцүүлэх боломжтой болсон тухай мэдээлэв. Ингэснээр манай оюутнуудад өмнө шиг хүлээж цаг алдах эрсдэлгүй болж байгаа юм.  

  • Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр тэргүүтэй төлөөлөгчид 2022 оны 11 дүгээр сарын 13-19-нд Чех улсад ажиллаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Илгээлт - 2100 хөтөлбөрийн хүрээнд жилд 30-60 монгол оюутныг Чехийн шилдэг их, дээд сургуульд суралцуулахаар тохиролцов.

​​​​​​​​​​​​​​***