Монгол, Чехийн хамтын ажиллагаа 75 жилд: Иж бүрэн түншлэлд хүрсэн замнал
2025-04-18
Өнөөгийн Монгол, Чех улсууд нь өнө эртний түүх, соёлоороо бахархдаг. Мөн бид ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн, адил үнэт зүйлстэй ардчилсан орнууд билээ.
2025 онд найрсаг дотно харилцаатай манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Манай хоёр орны урт хугацааны энэхүү харилцаа, харилцан итгэлцэл өндөр түвшинд хүрч, ард түмний хэлхээ холбоо бэхжиж, хамтын ажиллагаа улс төр, нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэг зэрэг олон салбарт өргөжин хөгжиж ирлээ. Чехийн талаас манай орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан зарим томоохон бүтээн байгуулалтаас дурдвал:
- 20 гаруй мянган монгол хүн Чех, Словак улсуудад суралцаж, мэргэжил эзэмшжээ.
- Одоо манай 14000 гаруй иргэн Чех улсад ажиллаж аж төрж байна.
- Монгол, Чехословакийн хамтарсан геологийн анги Эрдэнэтийн овооны зэсийн орд газар хайгуул хийж, нөөцийг тодорхойлсон.
- Монголд Арьс шир боловсруулах болон Гутлын үйлдвэр байгуулж, мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэсэн.
- Улаанбаатар хотын нэгдүгээр эмнэлгийг барьж байгуулсан.
- Дарханы цементийн үйлдвэр, гурилын үйлдвэрийг байгуулахад оролцсон.
- Чехийн дагнасан болон хамтарсан хөрөнгө оруулалттай компаниуд 1993 оноос хойш нийт 25.1 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийжээ.
- Чех Улс 1996-2017 онд 50 гаруй сая ам.долларын хөгжлийн албан ёсны тусламж үзүүлж, шаардлагатай төслүүдийг хэрэгжүүлсэн.
- Хоёр тал Монгол Улсад тахь сэргээн нутагшуулах төслийг амжилттай хэрэгжүүлж байна.
- Түүхт 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЧУ-д төрийн айлчлал хийж, талууд “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хамтран ажиллахаар тохиролцож, тунхаглал байгуулсан билээ.
Ингээд Монгол, Чехийн харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн түншлэлд хүрсэн замналын талаар үечлэн сонирхуулъя гэж хичээснээ өгүүлье. Мэдээлэл, баримт, үг үсэг зөрөх аваас харамгүй зөвлөхийг хүсье.
Нэг. ЕВРОПЫН ЗҮРХЭНД МОНГОЛЫН ГАЛ ГОЛОМТ БИЙ БОЛСОН ТҮҮХ
Дэлхийн Хоёрдугаар дайны дараа фашизмын дарангуйллаас чөлөөлөгдсөн Европын хэд хэдэн орон 1945-1948 онуудад ардын ардчилсан засаглалыг тогтоосон бөгөөд тухайн үеийн БНМАУ 1948-1950 онуудад Европт шинээр бий болсон социалист орнуудтай дипломат харилцаа тогтоосны нэг нь Бүгд Найрамдах Чехословак улс байлаа. Энэ түүхэн өдөр нь 1950 оны 4 дүгээр сарын 25 юм.
Дипломат харилцаа тогтоох үйл явц Москвад суугаа манай хоёр улсын ЭСЯ-даар дамжин өрнөжээ. Архивын лавлагаанд “БНМАУ-аас ЗСБНХУ-д суугаа Элчин сайд Н.Ядамжав, Чехословак улсаас ЗСБНХУ-д суугаа Элчин сайд Бохуслав Лаштовичкатай уулзаж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоох санал дэвшүүлсэн ноот бичгийг 1950 оны 4 сарын 11-нд гардуулан өгчээ. Чехословакийн Засгийн газар БНМАУ-тай дипломат харилцаа тогтоохоор шийдвэрлэсэн тухай ЗСБНХУ-д суугаа Элчин сайдаараа дамжуулан 1950 оны 4 сарын 25-нд мэдэгдсэн” гэжээ.
Харин 1953 онд хоёр талаас анхны Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ барьж, тэд Москвагаас хамаарч ажиллаж байсан. 1953 оны 5 дугаар сарын 14-нд Элчин сайд Д.Адилбиш БНЧСУ-ын Ерөнхийлөгч Антонин Запотоцкийд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан бол мөн оны 5 дугаар сарын 26-нд Элчин сайд Яромир Вошахлик БНМАУ-ын Их хурлын Тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэндэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан түүхтэй.

БНМАУ-аас БНЧСУ-д суух анхны Элчин сайд Д.Адилбиш БНЧСУ-ын Ерөнхийлөгч
Антонин Запотоцкийд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж буй нь.
Прага хот 1953.05.12. ГХЯ-ны Төв архиваас.
Улмаар хоёр тал Улаанбаатар, Прага хотноо 1956 онд ЭСЯ-даа харилцан нээж, тус тусын нийслэлд суух Элчин сайд нараа томилжээ. Анхны Элчин сайд нар 1956 оны 7 дугаар сарын 4-ний өдөр ИЖБ-гээ барьсан байна. БНМАУ-ын анхны суурин суух Элчин сайд С.Равдан БНЧСУ-ын Ерөнхийлөгч Антонин Запотоцкийд, БНЧСУ-ын анхны суурин суух Элчин сайд Эмил Хршель БНМАУ-ын Их хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбууд Итгэмжлэх жуух бичгээ ийнхүү нэг өдөр тус тус өргөн барьжээ.

Элчин сайд С.Равдан БНЧСУ-ын Ерөнхийлөгч Антонин Запотоцкийн хамт.
Прага хот 1956 он. Р.Батаагийн архиваас.
1950 оноос хойш манай улсаас Чех улсад 16 Элчин сайд, 2 Түр хамаарагч ажилласан бөгөөд тэд мэргэжлийн дипломатууд, төр, нийгмийн зүтгэлтнүүд байдаг. Элчин сайд нарын тухай сонирхуулан дурдахад, Д.Адилбиш, С.Равдан, Б.Жаргалсайхан нар Гадаад явдлын яамны сайд, Ш.Цагаандорж, Ё.Очир, Ж.Дулмаа нар худалдаа, аж үйлдвэр хариуцсан яамдын сайд, З.Энэбиш боловсрол, Ө.Дорж худалдааны яамны орлогч сайдын албыг хашиж байжээ. П.Нямаа гуай Чехословакт суралцсан анхны оюутнуудын нэг байсан байна.

БНМАУ-ын Элчин сайдын яамны анхны байр. Хаяг: Bubenečská 26.
Анхны суурин суух Элчин сайд С.Равдан гуайн хүү Р.Батаагийн өгсөн зураг.
Манай ЭСЯ одоогийн энэ байрандаа 1964 оноос хойш байрлаж байна. Энэ байрыг 1959-1964 онуудад Элчин сайдаар ажилласан Шадавын Цагаандорж гуай хүлээн авч байжээ.
ЭСЯ-ны байр Прага хотын түүхэн дурсгалт барилгад тооцогддог. Энэ байшинг Чехийн алдарт архитектор Йозеф Гочарын зургаар 1925-1926 оны хооронд барьж, ашиглалтад оруулсан. Байшингийн баруун тал шилэн фасадтай байсан ч 1958-1964 оны хугацаанд барилгын шилэн фасад бүхий хэсгийг өөрчилжээ.
Үргэлжлэл бий.