ТЭРГҮҮН ИХ ХАМБА ЛАМ Д.ЖАВЗАНДОРЖ ЧЕХ УЛС ДАХЬ МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗАЖ, НОМЫН АЙЛДВАР АЙЛДАВ
Монголын Бурханы шашинтны төв – Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, 30 дахь Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж 2026 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Чех Улсад ажиллаж, амьдарч, суралцаж буй монгол иргэд, сүсэгтэн олонтой уулзаж, номын айлдвар айлдан, насны авшиг хүртээлээ.

Элчин сайд Б.Болормаа арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, хилийн чанадад ажиллаж, амьдарч буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдний нийгмийн болон сэтгэл зүйн сайн сайхан байдлыг дэмжих нь Элчин сайдын яамны үйл ажиллагааны чухал чиглэл болохыг онцлов. Энэ хүрээнд тус Элчин сайдын яамнаас иргэдэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, сэтгэлийн амар амгалан, эерэг хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн уулзалт, арга хэмжээг зохион байгуулж буй бөгөөд Тэргүүн их хамба ламын энэхүү номын айлдвар нь уг ажлын нэг хэсэг болохыг тэмдэглэлээ. Мөн Чех Улсад суугаа монгол иргэдтэй уулзаж, сургаал номлолоо айлдан, сэтгэлийн дэм хайрлаж буй Тэргүүн их хамба лам Д.Жавзандоржид гүн талархал илэрхийлэв.

Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж хуран цугласан иргэд, сүсэгтэн олонд хандан өдөр тутмын амьдралдаа сэтгэлийн амар амгаланг хэрхэн бий болгох, энэрэнгүй сэтгэл, зөв бодол, сайн үйлээр өөрийн болон бусдын амьдралд эерэг өөрчлөлт авчрах тухай сургаал номлолоо айлдав. Мөн нийт иргэд, сүсэгтэн олонд насны авшиг хүртээж, эрүүл энх, урт удаан нас, буян хишиг, өлзий хутаг ерөөсөн ном хурж, ерөөл айлдлаа.

Олон зууны түүхтэй Карлын Их сургуулийн Хуулийн факультетийн Коллегиум Максимум их танхимд зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд 300 орчим монгол иргэн, сүсэгтэн олон хүрэлцэн ирж, Тэргүүн их хамба ламын энэрэл нигүүлсэл, сэтгэлийн амар амгалан, зөв амьдрахуйн тухай сургаал, номын айлдварыг сонслоо.

Арга хэмжээнд хүрэлцэн ирж, өргөнөөр оролцсон нийт иргэд, сүсэгтэн олонд талархал илэрхийлье.