ТЭРГҮҮН ИХ ХАМБА ЛАМ Д.ЖАВЗАНДОРЖ КАРЛЫН ИХ СУРГУУЛЬД ЛЕКЦ УНШЛАА
Монголын Бурханы шашинтны төв–Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, лхаарамба Д.Жавзандорж 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Чех Улсын Карлын Их сургуульд “Хиймэл оюун ухааны эрин үе дэх энэрэл, нигүүлсэхүй ба ёс зүй: Бурханы шашны үзэл баримтлал” сэдвээр олон нийтэд зориулсан лекц уншлаа.

Арга хэмжээг нээж Монгол Улсаас Чех Улсад суугаа Элчин сайд Б.Болормаа, Карлын Их сургуулийн ректор, профессор Иржи Зима нар үг хэлж, тус сургуулийн Философийн факультетын гадаад харилцаа хариуцсан дэд декан Якуб Ийрса удирдан явуулав.

Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж лекцдээ хиймэл оюун ухаан эрчимтэй хөгжиж буй өнөө үед хүний ёс суртахуун, энэрэн нигүүлсэх сэтгэлийн ач холбогдол, технологийн хөгжил ба хүний хариуцлагын уялдаа холбоог Бурханы шашны үзэл санааны үүднээс тайлбарлан таниулав. Лекцийн дараа оролцогчдын сонирхсон асуултад хариулж, ном айлдлаа.

Арга хэмжээнд эрдэмтэн судлаачид, багш, оюутнууд болон олон нийтийн төлөөлөл болох 180 орчим хүн оролцов.

Лекцийг хамтран зохион байгуулсан дэд декан Якуб Ийрса болон Карлын Их сургуулийн хамт олон, хүрэлцэн ирж нээлтийн үг хэлсэн ректор, профессор Иржи Зима нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье.