ЧЕХ УЛСАД АВТОМАШИН ЖОЛООДОЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД
2027 оноос Бүгд Найрамдах Чех Улсад замын хөдөлгөөн, тээврийн салбарт хэрэгжүүлэх зарим өөрчлөлт, зохицуулалтын талаар мэдээлж байна. Үүнд:
Хурдны зам ашигласны төлбөр: Чех Улсад хурдны зам ашигласны төлбөрийг инфляц болон авто замын бүтээн байгуулалтын зардлын өсөлттэй уялдуулан жил бүр нэмэгдүүлж ирсэн зохицуулалтыг өөрчилж, 2027 онд төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй, одоогийн түвшинд хэвээр үлдээнэ. Түүнчлэн нэг өдрийн цахим зөвшөөрөл нь зөвхөн тухайн өдрийн 24:00 цаг хүртэл хүчинтэй байдаг бол шинэ зохицуулалтаар хүчинтэй болж эхэлсэн цагаас хойш бүтэн 24 цагийн хугацаанд ашиглах боломжтой болох юм.
Таксины жолоочид тавих шаардлага: Чех Улсад таксины жолоочоор ажиллах гадаадын иргэдээс чех хэлний мэдлэг болон тухайн орон нутгийн зам, байршлын талаарх мэдлэгийг шалгах зохицуулалт шинээр нэвтрүүлэхээр болжээ. Шалгалтын агуулга, хэлбэр, зохион байгуулах журмыг холбогдох орон нутгийн эрх бүхий байгууллагууд тогтоохоор тусгасан байна.
Прага хотод автомашин жолоодож буй иргэдэд зориулсан мэдээлэл
Прага хотод автомашины зогсоолын төлбөр төлөх, нийтийн тээврийн чиглэл, цагийн хуваарь болон зорчих боломжуудын талаар мэдээлэл авах, автомашин, унадаг дугуй түрээслэх зэрэг үйлчилгээг нэг дороос ашиглах боломжтой Citymove аппликейшныг танилцуулж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.citymove.app/
Иргэд Та бүхнийг Чех Улсын замын хөдөлгөөний дүрэм, холбогдох хууль тогтоомжийг чанд мөрдөж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган, замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцохыг уриалж байна.