images

ЕВРОПЫН МОНГОЛЧУУДЫН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

Үйл явдлын мэдээ

2026-11-02

8

Европ дахь Монголчуудын волейболын аварга шалгаруулах XII удаагийн тэмцээн Прага хотноо 2026 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд болж өнгөрлөө.
 
Бүгд Найрамдах Чех Улсад 3 дахь удаагаа зохион байгуулагдсан тус тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Элчин сайд Б.Болормаа оролцож, Европ дахь Монголчуудын волейболын аварга шалгаруулах тэмцээний цар хүрээ улам өргөжин тэлж, Европын Монголчуудын хүсэн хүлээж, сэтгэл догдлон бэлтгэдэг спортын томоохон арга хэмжээ болсныг онцолж, нийт баг, тамирчид, шүүгчид, зохион байгуулагчид, хандив туслалцаа үзүүлсэн ивээн тэтгэгчдэд талархал илэрхийлэв.
 
Насанд хүрэгчдийн болон мастер ангиллаар Европын 8 улсын 44 баг хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд Британийн “MonBrit” баг цом, аваргын алтан медаль хүртэж, Ирландын “Ирланд” баг мөнгө, Шведийн “Сүлд” баг хүрэл медалийн эздээр шалгарсан бол эрэгтэйчүүдийн ангилалд Шведийн “Соёмбо” баг цом, аваргын алтан медаль хүртэж, Германы “Emust” баг мөнгө, Германы “Horde” баг хүрэл медалийн эзэд боллоо.
 
Мастерын эмэгтэйчүүдийн ангилалд Чехийн “Warriors” баг цом, аваргын алтан медаль хүртэж, Австрийн “Bataar”, Германы “Цог” багууд мөнгө, хүрэл медалийн эзэд болсон бол эрэгтэйчүүдийн ангилалд Бельгийн “Belgium” баг цом, аваргын алтан медаль хүртэж, Австрийн “Аравт”, Чехийн “Алтан Прага” багууд мөнгө, хүрэл медаль хүртлээ.
 
Тэмцээний үнэ цэнэтэй тоглогчоор эмэгтэйчүүдийн ангилалд “MonBrit” багийн тоглогч Т.Индра, “Warriors” багийн тоглогч н.Дарьхүү, эрэгтэйчүүдийн ангилалд “Соёмбо” багийн тоглогч н.Маргад-Эрдэнэ, “Belgium” багийн тоглогч В.Жигүүр нар шалгарлаа.
 
 
Ийнхүү Европ дахь Монголчуудын волейболын аварга шалгаруулах XII удаагийн тэмцээн Прага хотноо  өдрийн турш амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнийг өндөр түвшинд  зохион байгуулсан Европын Монголчуудын волейболын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн М.Өсөхбаяр тэргүүтэй зохион байгуулагчид, сайн дурынхан болон хүрэлцэн ирсэн нийт баг, тамирчид, хөгжөөн дэмжигчдэд чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.