images

ПАРДУБИЦЭ ХОТЫН “MON SCHOOL” СУРГАЛТЫН ТӨВИЙН ХҮҮХДҮҮД ЭСЯ-НЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Үйл явдлын мэдээ

2026-10-28

7

Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайдын яам 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Чех Улсын Пардубицэ хотын “Mon School” сургалтын төвийн хүүхдүүдэд зориулан ЭСЯ-ны үйл ажиллагааг танилцуулах арга хэмжээг анх удаа зохион байгуулав. Энэхүү арга хэмжээнд 6–14 насны 33 хүүхэд, 6 багш оролцлоо.
 
 
Элчин сайд Б.Болормаа дипломат алба, Элчин сайдын яамны үйл ажиллагаа, эх орноо гадаадад төлөөлөн ажиллахын утга учрын талаар танилцуулж, монгол хэл, соёл, зан заншлаа сайн сурч, өвлөн уламжлахын ач холбогдлыг тайлбарлав.
 
 
Уулзалтын үеэр хүүхдүүд Элчин сайдаас сонирхсон асуултаа чөлөөтэй асууж, монгол соёлоо чех найз нөхдөдөө хэрхэн танилцуулах талаар санал бодлоо солилцлоо. 
Хүүхдүүд Монголын түүх, ахуй соёлын талаарх мэдлэгээ сорьсон хөгжөөнт “АХА” тэмцээнд идэвхтэй оролцов. 
 
 
ЭСЯ-ны хамт олон хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудыг үндэсний хоол ундаар дайлав.
 
 
Энэхүү анхны арга хэмжээнд идэвх санаачилгатай оролцсон хүүхэд багачууд, багш нар болон хүүхдүүдээ дэмжин оролцуулсан эцэг эхчүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
 
 
Чех Улсын Хэб хотод үйл ажиллагаа явуулдаг “O&M MONGOLIAN WOOL” 🐑компанийн захирал Х.Очирсүх арга хэмжээнд оролцсон хүүхдүүд болон багш нарт монгол ноосон оймс бэлэглэсэнд талархал илэрхийлье.