ОЮУТНУУДЫН “НАМРЫН УУЛЗАЛТ–2026” МЭДЭЭЛЭЛ, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайдын яам, “Чех Улсад суралцагч оюутан, залуусын холбоо” хамтран “Намрын уулзалт–2026” мэдээлэл, зөвлөгөө өгөх арга хэмжээг Прага хотноо зохион байгууллаа. Уулзалтад 70 гаруй оюутан оролцож, өмнөх жилүүдийнхээс өргөн хүрээг хамрав.

Уулзалтыг нээж Элчин сайд Б.Болормаа хэлсэн үгэндээ оюутан, залуусыг сурлага хөдөлмөртөө шамдан, мэдлэг, ур чадвараа хөгжүүлж, эх орныхоо нэрийг өндөрт өргөхийн зэрэгцээ бие биеэ дэмжиж, эв нэгдэлтэй байхыг уриалав.

Уулзалтын үеэр Чех Улсад суралцах, ажиллаж амьдрахад тустай дараах сэдвээр мэдээлэл, зөвлөгөө өгч, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа. Үүнд:
- Их, дээд сургуульд элсэх үйл явц;
- Гадаад улсад эзэмшсэн боловсрол, дипломыг Чех Улсад хүлээн зөвшөөрүүлэх буюу нострификаци;
- Эрүүл мэндийн даатгал, суралцах хугацаанд анхаарах эрх зүйн болон өдөр тутмын асуудлууд;
- Суралцахын зэрэгцээ хөдөлмөр эрхлэх боломж;
- Хувийн санхүүгээ төлөвлөж, зохицуулах арга зам.
Мөн Б.Билгүүдэй Майкрософт компанид ажилд орсон туршлагаасаа хуваалцсан нь оюутан, залууст мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх, ирээдүйн ажил мэргэжлээ төлөвлөхөд хэрэгтэй мэдээлэл болов.

Арга хэмжээний хүрээнд уулзалтын өмнө танин мэдэхүйн хоёр аялал зохион байгуулж, оролцогчдын нэг хэсэг нь Чехийн Үндэсний музейгээр зочилж, нөгөө хэсэг нь Прага хотын түүхэн дурсгалт газруудтай танилцав.
ЭСЯ-ны хамт олон уулзалтад оролцсон оюутан, залуусыг үндэсний хоол, ундаагаар дайлав.
ЭСЯ цаашид монгол оюутан, залуусыг дэмжих, тэдэнд хэрэгцээтэй мэдээлэл, зөвлөгөөг хүргэх, харилцаа холбоо, хамтын ажиллагааг нь бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тогтмол зохион байгуулах болно.