images

МОНГОЛЫН БИЗНЕС ТӨЛӨӨЛӨГЧИД ЧЕХ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА

Үйл явдлын мэдээ

2026-10-07

3

Монгол Улсын шинжлэх ухаан, инновац болон жижиг, дунд үйлдвэрийн төлөөлөл Чехийн ГХЯ-ны “PROPED” хөтөлбөрийн хүрээнд 2026 оны 9 дүгээр сарын 6-10-ны өдрүүдэд Чех Улсад айлчилж байна. 
 
 
Төлөөлөгчдийг Элчин сайд Б.Болормаа хүлээн авч уулзаж, шинжлэх ухаан, инновац, гарааны бизнес, жижиг, дунд үйлдвэр, Монголын ноос, ноолуурын экспортыг дэмжих чиглэлээр Чехийн талтай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
 
 
Чехийн Гадаад хэргийн яамнаас эдийн засгийн дипломат ажиллагааны хүрээнд экспортыг дэмжих зорилгоор хэрэгжүүлдэг “PROPED” хөтөлбөрийн шугамаар энэ онд Монгол Улсад дөрвөн төсөл хэрэгжүүлж байна.
 
Үүний нэг нь Монголын шинжлэх ухаан, инновац, жижиг, дунд үйлдвэрийн салбарын төлөөллийг Чех Улсад туршлага судлуулж, хамтын ажиллагааг эхлүүлэх, өргөжүүлэхэд чиглэж байна.
 
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Хөрөнгө оруулалт, худалдааны газар, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Нийслэлийн бизнес, инновацын газар, МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парк, “Санкоу маркетинг Монголиа” компанийн төлөөлөл багтав.
 
Чехийн ГХЯ-ны Эдийн засаг, шинжлэх ухааны дипломат ажиллагааны газрын дэд захирал Мартин Башта төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, шинжлэх ухаан, инновац, судалгаа, шинжилгээний салбарын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов.
 
Төлөөлөгчид Карлын Их сургууль, Чехийн Шинжлэх ухааны академийн хамтарсан Биотехнологи, био анагаах ухааны “BIOCEV” төвд зочилж, захирал, доктор Павел Марасекийн танилцуулгыг сонсон, тус төвийн үйл ажиллагаатай танилцав.
 
 
 
Чехийн Жижиг, дунд үйлдвэрийн холбооны олон улсын төсөл хариуцсан газрын захирал Якуб Шкаба жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийг дэмжих туршлагаасаа хуваалцаж, Монголын Жижиг, дунд үйлдвэрийн газартай хамтын ажиллагаа эхлүүлэх сонирхлоо илэрхийлэв.
 
 
Төлөөлөгчид судалгаа, инновацыг дэмжих үндэсний зөвлөх байгууллага болох Прагийн Технологийн төвийн үйл ажиллагаатай танилцав. 
 
 
Тус төв Монголын холбогдох байгууллагатай бизнесийн судалгаа, шинжилгээний чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.