images

ЭЛЧИН САЙД Б.БОЛОРМАА ЧЕХИЙН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ТУСГАЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ ЭЛЧИН САЙД РОБЕРТ РЖЕХАКТАЙ УУЛЗАВ

Үйл явдлын мэдээ

2026-10-06

3

Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайд Б.Болормаа Чехийн Гадаад хэргийн яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Роберт Ржехактай уулзаж, хоёр улсын харилцаа, олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдал, шашин хоорондын яриа хэлэлцээ, дипломат сургалт, соёл, боловсролын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
 
Уулзалтын үеэр Элчин сайд Б.Болормаа Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын талаар танилцуулж, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар ярилцав.
 
Мөн Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам Д.Жавзандоржийн 2026 оны 11 дүгээр сард Чех Улсад хийх айлчлалын хүрээнд Карлын Их сургуульд “Хиймэл оюун ухааны эрин үе дэх энэрэл, ёс зүй: Буддын шашны үзэл баримтлал” сэдэвт олон нийтэд зориулсан лекц зохион байгуулах бэлтгэл ажлын талаар мэдээлэв.
 
Чехийн тал тус лекцийг олон нийтэд сурталчлан таниулах, холбогдох шашны болон эрдэм шинжилгээ, боловсролын байгууллагуудтай харилцаа тогтооход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
 
Талууд хоёр улсын Дипломат академи хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын залуу дипломатчдыг Чехийн сургалтын хөтөлбөрүүдэд хамруулах, соёл, шашин, ардын урлагийн чиглэлээр хамтарсан арга хэмжээ зохион байгуулах талаар хамтран ажиллахаар тохиров.