images

ЧЕХИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧИД МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЛАА

Монгол хэл дээрх гарын авлага

2026-09-29

5

Чехийн бизнесийн 20 гаруй төлөөлөгчид 2026 оны 9 дүгээр сарын 19–26-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллалаа. Айлчлалын үеэр Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Чехийн Худалдааны танхим болон БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран 2026 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотноо Монгол-Чехийн бизнес уулзалт зохион байгуулав.
 
Чехийн төлөөлөгчид Монголын 30 гаруй аж ахуйн нэгжтэй бизнесийн уулзалт хийж, хамтын ажиллагааны боломж, хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологи хамтарсан төсөл хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцов.
 
Чехийн Худалдааны танхимын төлөөлөгчид Монголын Ноос, ноолуурын холбоотой уулзаж, Монголын ноолууран бүтээгдэхүүнийг Чехийн зах зээлд экспортлох, Чех Улсад зохион байгуулагддаг “STYL and KABO” олон улсын үзэсгэлэнд ноолуурын аж ахуйн нэгжүүдийг оролцуулах талаар ярилцав.
 
Төлөөлөгчид Гандантэгчилэн хийдийн боловсролын байгууллагуудтай танилцаж, Идгаачойнзинлин дацангийн сургалтын орчныг сайжруулахад чиглэсэн төслийг чехийн талтай хамтран хэрэгжүүлэх боломжийг судлав.
 
Айлчлалын үр дүнд Монголын ноолууран бүтээгдэхүүнийг Чехийн болон Европын зах зээлд сурталчлах, экспортын шинэ суваг нээх, хоёр орны аж ахуйн нэгжүүдийн шууд харилцааг бэхжүүлэх, бизнес, технологи, боловсролын бодит төсөл болгон хөгжүүлэх шинэ боломж бүрдэж байна.