images

ТАХИЙГ МОНГОЛЫН БАЙГАЛЬД ЭРГЭН НУТАГШУУЛСНЫ 15 ЖИЛИЙН ОЙГ ПРАГАД ТЭМДЭГЛЭВ

Үйл явдлын мэдээ

2026-09-28

6

Прагийн амьтны хүрээлэн үүсгэн байгуулагдсаны 95 жилийн ой, “Тахийг эргэн нутагшуулах” төслийн 15 жилийн ойг 2026 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Прагийн амьтны хүрээлэнд тэмдэглэн өнгөрүүлэв. 
 
 
Ойн арга хэмжээнд Элчин сайд Б.Болормаа оролцож, нэгэн цагт байгальд устаж үгүй болсон тахийг хамгаалах, өсгөн үржүүлэх, Монголын байгальд эргэн нутагшуулах үйлсэд олон жилийн турш үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн Прагийн амьтны хүрээлэнгийн хамт олонд талархал илэрхийлэв. 
 
 
Тэрээр Монголын байгаль, үндэсний өвийн салшгүй хэсэг болох тахийг хамгаалах, өсгөн үржүүлэх, эх нутагт нь эргэн нутагшуулах чиглэлээр хэрэгжүүлсэн олон жилийн хамтын ажиллагаа нь Монгол, Чехийн найрамдал, түншлэлийн харилцааны бодит бэлгэ тэмдэг болсныг тэмдэглэв. 
 
Тахийг эргэн нутагшуулах олон улсын хамтын ажиллагааны хүрээнд 2011–2019 онд Прагийн амьтны хүрээлэн Чехийн Агаарын цэргийн хүчин болон Монголын холбогдох байгууллагуудтай хамтран 9 удаагийн тээвэрлэлтээр нийт 34 тахийг Монголд хүргэсэн юм. Өдгөө Монголын гурван бүсэд 800 гаруй тахь өсөн үржиж байна.
 
 
Прагийн амьтны хүрээлэн монголын талтай хамтран Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газрын Сүмийн хоолойд тахийг эргэн нутагшуулах бэлтгэл хангаж байна. Энэхүү төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжүүлэхээр шийдвэрлэснийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 85 дугаар захирамжаар баталгаажуулсан билээ.
 
Ойн арга хэмжээний үеэр Элчин сайд Б.Болормаа энэхүү шийдвэрийг олон нийтэд танилцуулж, захирамжийн баталгаажуулсан хуулбарыг Прагийн амьтны хүрээлэнгийн захирал Ленка Поляковад албан ёсоор гардуулан өгөв. 
 
Арга хэмжээнд Бүгд Найрамдах Казахстан Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайд Кайрат Абдрахманов оролцож, тус улсад тахийг эргэн нутагшуулах төслийн талаар мөн танилцуулав.
 
“Тахийг эргэн нутагшуулах” төслийн 15 жилийн ойд зориулсан тусгай арга хэмжээг амжилттай зохион байгуулсан Прагийн амьтны хүрээлэнгийн захирал Ленка Полякова болон хүрээлэнгийн хамт олон, “Чех-Монголын найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэг” , Монголын үндэсний урлагийг толилуулсан уран бүтээлч Бадамын Болор болон хамтлагийн уран бүтээлчид, мөн арга хэмжээг зохион байгуулахад үнэтэй дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Өргөмжит консул Павел Рейхрт нарт гүн талархал илэрхийлье.