images

ПРАГА ХОТОД МОНГОЛ НООЛУУРЫН “ALTAY CASHMERE” БРЭНДИЙН ДЭЛГҮҮР НЭЭГДЛЭЭ

Үйл явдлын мэдээ

2026-09-25

6

Монголын ноолууран бэлэн хувцасны “ALTAY Cashmere” брэндийн шинэ дэлгүүр Прага хотын “Fashion Arena Prague Outlet” худалдааны төвд албан ёсоор үүдээ нээлээ.
 
 
Олон улсын болон Чехийн 200 гаруй брэнд, 100 гаруй дэлгүүрийг нэг дор төвлөрүүлсэн “Fashion Arena Prague Outlet” нь Прага хотын томоохон аутлет худалдааны төвүүдийн нэг юм.
 
 
Дэлгүүрийн нээлтийн арга хэмжээнд Элчин сайд Б.Болормаа оролцож, баяр хүргэн үг хэлэв. Тэрээр монгол ноолуур нь зөөлөн, нарийн ширхэгтэй, дулаан, хөнгөн зэрэг онцгой шинж чанартай тансаг материал төдийгүй Монголын олон мянган малчны амьжиргаа, орлогын эх үүсвэр болохыг онцоллоо. Мөн монгол ноолуур нь эх орны өвөрмөц байгаль, нүүдлийн мал аж ахуйн олон зуун жилийн уламжлал, малчид, урчууд, үйлдвэрлэгчдийн мэдлэг, ур чадварыг шингээсэн үнэ цэнтэй бүтээгдэхүүн болохыг тэмдэглэв.
 
“ALTAY Cashmere”-ийн бүтээгдэхүүний загварыг чех дизайнер гаргасан бөгөөд Монголын дээд зэрэглэлийн ноолуурыг Чехийн орчин үеийн дизайнтай хослуулан, Чехийн хэрэглэгчдэд санал болгож байна. Монголын чанартай түүхий эд, үйлдвэрлэлийн чадавхыг Чехийн бүтээлч дизайн, зах зээлийн мэдлэгтэй ийнхүү хослуулсан нь хоёр улсын харилцан ашигтай бизнесийн хамтын ажиллагааны бодит жишээ юм.
 
Элчин сайд Б.Болормаа “ALTAY Cashmere”-ийн энэхүү алхам нь Монголын бусад компани ижил зарчмаар Чех болон Европын зах зээлд гарахад түүчээ болж байгааг онцлов. Монголын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, үндэсний брэндүүдийг Чех болон Европын зах зээлд таниулах нь Элчин сайдын яамны тэргүүлэх чиглэлүүдийн нэг юм.
 
Энэ зорилгын хүрээнд Элчин сайдын яам Монголын ноос, ноолуурын холбоотой хамтран Монголын компаниудыг Брно хотноо зохион байгуулагдах “STYL & KABO” үзэсгэлэнд оролцуулах, Чехийн дизайнерууд, дистрибьютерүүд болон худалдан авагчидтай холбох чиглэлээр ажиллаж байна.
 
"ALTAY Cashmere" брендийг үүсгэн байгуулагч Б.Солонго, хамтрагч "Trigema” компанийн захирал Марсел Соурал болон нийт хамт олонд ажлын өндөр амжилт хүсье!