images

ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ҮНДЭСНИЙ СУРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ АНХДУГААР ТЭМЦЭЭН БОЛЛОО

Монгол хэл дээрх гарын авлага

2026-09-21

6

Монголын Үндэсний харваачдын холбооны Европ дахь салбар холбоо албан ёсоор байгуулагдсантай холбогдуулан Европ дахь Монголчуудын үндэсний сурын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн 2026 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Плзень хотод амжилттай болж өнгөрлөө.
 
 
Элчин сайд Б.Болормаа тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ өнө эртний түүхтэй, үндэсний үнэт өв болох үндэсний сур харвааг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн уламжлуулахад энэ удаагийн тэмцээн ихээхэн ач холбогдолтойг онцолж, Монголчуудын холбоо, ТББ, иргэдийн зүгээс санаачлан хэрэгжүүлж буй монгол хэл, соёл, түүх, уламжлалыг сурталчлан таниулах аливаа үйл ажиллагааг ЭСЯ-наас дэмжиж, хамтран ажиллаж байгаагаа илэрхийлэв.
 
 
Анхдугаар тэмцээнд Чех, Швед, Герман, Унгар, Испани, Нидерланд Улсаас хүрэлцэн ирсэн 38 харваач онч мэргэнээ сорин өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн төрөлд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат сумын мэргэн Ц.Жавхланбаяр /Чех/ тэргүүн байр, Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат залуу харваач Р.Дулмаа /Швед/ дэд байр, Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат залуу харваач М.Энхчимэг /Чех/ гутгаар байр, эрэгтэйчүүдийн ангилалд Хэнтий аймгийн харьяат залуу харваач Ө.Сайнбаяр /Швед/ тэргүүн байр, Улаанбаатар хотын харьяат залуу харваач Б.Батгэрэл /Унгар/ дэд байр, Дорнод аймгийн харьяат залуу харваач Г.Оргилон /Чех/ гутгаар байрт тус тус шалгарлаа. Багийн төрөлд Мэргэн хас баг /Чех/ тэргүүн байр, Эв баг дэд байр, Мэргэд баг /Швед/ гутгаар байрт шалгарлаа.
 
 
Мөн энэ үеэр үндэсний бөхийн “Ширмэл зодогтон” холбооноос намрын нээлтийн үндэсний бөхийн барилдааныг насанд хүрэгчид болон хүүхдийн ангиллаар зохион байгуулав. Хүчит бөхийн барилдаанд 32 бөх уран мэх, авхаалж самбаагаа сорин барилдсанаас Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, залуу бөх Э.Хосбаяр түрүүлж, Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат, сумын заан М.Эрдэнэбаяр үзүүрлэв. Их шөвөгт Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат, аймгийн начин Д.Энхтүвшин, Ховд аймгийн Мөст сумын харьяат, аймгийн начин О.Пүрэвбаяр нар шалгарлаа. Хүүхдийн бөхийн барилдаанд О.Тэнгис түрүүлж, Ж.Эрхэмбаяр үзүүрлэв.
 
 
Европ дахь Монголчуудын үндэсний сурын аварга шалгаруулах 2027 оны тэмцээнийг Чех Улсад дахин зохион байгуулахаар боллоо. Тэмцээнийг санаачлан амжилттай зохион байгуулсан Монголын Үндэсний харваачдын холбооны Европ дахь салбар холбоо, үндэсний бөхийн “Ширмэл зодогтон” холбоо болон Плзень хотод ажиллаж, амьдарч буй монгол иргэд, ивээн тэтгэж, дэмжин оролцсон нийт бизнес эрхлэгчид, зохион байгуулалтын ажилд сэтгэл, хүчээ зориулсан иргэддээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.