ПРАГА ХОТНОО ЕВРОПЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ БОДЛОГЫН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ
Олон улсын стратегийн судлалын хүрээлэн (IISS) Прагийн батлан хамгаалахын дээд түвшний уулзалтыг 2026 оны 9 дүгээр сарын 16–18-ны өдрүүдэд Прага хотноо гурав дахь удаагаа зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд тус ЭСЯ-ны зөвлөх Т.Баяржаргал оролцов.

Уулзалтад цэрэг, аюулгүй байдлын салбарын удирдах албан тушаалтан, мэргэжилтэн, судлаач болон батлан хамгаалах үйлдвэрлэлийн төлөөлөгчид оролцож, Европын аюулгүй байдалд тулгарч буй сорилт, батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх бодлого, түүний хэрэгжилтийг хангах арга замын талаар хэлэлцэв.
Чехийн Ерөнхий сайд А.Бабиш Европын батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэхийн зэрэгцээ энх тайван, дипломат шийдлийг аюулгүй байдлын бодлогын тэргүүлэх чиглэл хэвээр хадгалах шаардлагатайг онцлов. Тэрбээр Орос, Украины асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэхийн ач холбогдлыг тэмдэглэж, Европын хэмжээнд пуужин болон дроны эсрэг хамтарсан хамгаалалтын тогтолцоо бүрдүүлэх “Euro Patriot” санаачилгыг дэвшүүлэв.

Чехийн Батлан хамгаалахын сайд Я.Зуна тус улсын Зэвсэгт хүчнийг 2040 он хүртэл хөгжүүлэх үзэл баримтлалыг боловсруулж буйг танилцуулж, нутаг дэвсгэрийн хамгаалалт, командлал, удирдлагын тогтолцоо болон дроны эсрэг хамгаалалтын чадавхыг бэхжүүлэхэд анхаарч байгааг мэдээлэв. Мөн хүний нөөцийн бодлогын хүрээнд 18 наснаас дээш иргэдэд сайн дурын цэргийн алба хаах боломжийг бүрдүүлэх чиглэл баримталж байгааг тэмдэглэв.