images

ЭЛЧИН САЙД КАРЛЫН ИХ СУРГУУЛИЙН РЕКТОРТОЙ УУЛЗАВ

Үйл явдлын мэдээ

2026-09-16

7

Элчин сайд Б.Болормаа 2026 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Карлын Их сургуулийн ректор, профессор Иржи Зиматай уулзаж, Монгол, Чехийн боловсрол, шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцов.
 
Уулзалтын үеэр талууд хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааны баялаг уламжлалыг онцлов. Элчин сайд 1955 онд анхны таван монгол оюутан Чехословак Улсад суралцахаар ирснээс хойш олон зуун монгол иргэн тус улсад дээд боловсрол эзэмшиж, Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулж ирснийг тэмдэглэв. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Ерөнхийлөгчийн Илгээлт–2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд энэ хичээлийн жилд шинээр ирсэн 16 монгол оюутан Карлын Их сургуулийн Подебради дахь хэлний бэлтгэлд чех хэл суралцаж байгааг мэдээлэв.
 
Талууд Карлын Их сургуулийн Монгол судлалын олон жилийн уламжлалыг хадгалан бэхжүүлж, цаашид хөгжүүлэхийн ач холбогдлыг онцлон, энэ чиглэлийн сургалт, судалгааны хамтын ажиллагааг үргэлжлүүлэн дэмжих талаар санал солилцов.
 
Мөн Монгол, Чехийн шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааны бодит жишээ болсон геологийн олон жилийн хамтын ажиллагаа, Монголд тахь сэргээн нутагшуулах төсөл, 2027 онд Чехийн Үндэсний музейд зохион байгуулахаар төлөвлөж буй Монголын үлэг гүрвэлийн үзэсгэлэн зэрэг төсөл, арга хэмжээний талаар ярилцав.
 
Түүнчлэн Монгол Улсын Их сургууль болон Карлын Их сургуулийн шууд хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тухайлбал оюутан, багш, судлаачдын солилцоог өргөжүүлэх, хамтарсан сургалт, судалгааны хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судлан ажиллахаар тохиролцов.