МОНГОЛ, ЧЕХИЙН ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
Элчин сайд Б.Болормаа 2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Чехийн Гадаад хэргийн яамны Эдийн засаг, шинжлэх ухааны дипломат ажиллагаа, хөгжлийн хамтын ажиллагааны асуудал хариуцсан ерөнхий захирал Томаш Кухтатай уулзав.
Уулзалтаар хоёр улсын “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, хоёр талын худалдааг илүү тэнцвэртэй хөгжүүлэхийн чухлыг онцлов. Энэ хүрээнд Монголын ноолуурын бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчдийг 2027 онд Брно хотноо болох “STYL & KABO” олон улсын үзэсгэлэн яармагт оролцуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсэв.
Элчин сайд Б.Болормаа Чехийн Гадаад хэргийн яамны “PROPED” хөтөлбөрийн хүрээнд энэ онд хэрэгжүүлж буй хамтын ажиллагаанд тулгуурлан, 2027 онд ноос, ноолуур, геологи, сэргээгдэх эрчим хүч, цахим өгөгдлийн салбарт төсөл хэрэгжүүлэх боломжийг судлах санал тавив.
Эрдэнэтийн зэс-молибдений ордыг нээн илрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан чехийн ахмад геологич М.Моймир Краутерын мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан 2027 онд Монгол, Чехийн геологичдын уулзалт зохион байгуулах, хамтарсан экспедицийн түүхийг харуулсан гэрэл зургийн цомог, ном хэвлүүлэх санаачилгаа танилцуулав.
Элчин сайд Улаанбаатар хотноо болсон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд Чехийн төлөөлөгчид оролцсонд талархал илэрхийлж, тахь сэргээн нутагшуулах хамтын ажиллагааны хүрээнд 9 дүгээр сарын 28-нд Прагийн амьтны хүрээлэнтэй хамтран арга хэмжээ зохион байгуулах талаар мэдээлэв.