images

КАРЛЫН ИХ СУРГУУЛИЙН МОНГОЛ СУДЛАЛЫН ИРЭЭДҮЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Монгол хэл дээрх гарын авлага

2026-09-08

3

Элчин сайд Б.Болормаа Бүгд Найрамдах Индонез Улсаас БНЧУ-д суугаа Элчин сайд Рина Соэмарно болон Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Элчин сайдын яамдын төлөөлөгчдийн хамт Карлын их сургуулийн ректор Иржи Зима, Философийн факультетийн удирдлагатай уулзав.
 
Уулзалтаар Философийн факультетэд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бүтцийн өөрчлөлт Монгол, Индонез, Энэтхэг, Вьетнам судлалын ирээдүйн хөгжил, үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж болзошгүй талаар санал солилцов. Элчин сайд нар эдгээр уламжлалт судлалын чиглэлийн академик онцлог, бие даасан байдал, олон улсын танигдсан байдлыг хадгалан хөгжүүлэхийн чухлыг онцлов.
 
Элчин сайд Б.Болормаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 онд БНЧУ-д хийсэн төрийн айлчлалаар хоёр улсын харилцааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэсэн бөгөөд боловсрол, шинжлэх ухаан, судалгааны хамтын ажиллагаа нь уг түншлэлийн чухал тулгуур болохыг тэмдэглэв. Тэрээр Карлын их сургуулийн Монгол судлал нь 1950-иад оноос хойш хоёр ард түмнийг эрдэм мэдлэгийн гүүрээр холбож ирсэн үнэт өв болохыг онцлоод, Чех Улсад оршин суугаа 15 мянга гаруй монгол иргэн, өсөн нэмэгдэж буй залуу үеийн хэрэгцээ болон Монгол судлалын олон арван жилийн уламжлалыг харгалзан тус чиглэлийн академик нэр хүнд, бие даасан байдлыг хадгалан хөгжүүлэх нь хоёр улсын нийтлэг ашиг сонирхолд нийцнэ гэв.
 
Карлын их сургуулийн удирдлага төлөвлөж буй бүтцийн өөрчлөлт нь Монгол судлал болон бусад Ази судлалын чиглэлийг татан буулгах зорилгогүй, харин магадлан итгэмжлэлийн шаардлагыг хангаж, сургалтын тогтвортой байдлыг бэхжүүлэх, шинэ элсэлт авах боломжийг сэргээхэд чиглэж буйг тайлбарлав. Шинэ бүтцэд “Ази судлалын хүрээлэн” гэсэн нэрийг хадгалж, Монгол судлалын сургалт, судалгааг үргэлжлүүлэн хөгжүүлэхээ илэрхийлэв.
 
 
Элчин сайд Б.Болормаа багш, судлаач, оюутны солилцоог өргөжүүлэх, хамтарсан судалгааны төсөл болон хос, хамтарсан зэрэг олгох хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судлах, Монгол судлалын урт хугацааны тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр ажлын түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр Карлын их сургуулийн удирдлагатай тохиролцов.