ЭЛЧИН САЙД Б.БОЛОРМАА ЧЕХИЙН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Р.ЯКУБСКИТЭЙ УУЛЗАВ
Элчин сайд Б.Болормаа Чехийн Худалдааны танхимын Дэд ерөнхийлөгч Радек Якубскитэй уулзаж, Монгол, Чехийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг Чех Улс болон Төв Европын зах зээлд сурталчлан таниулах, бизнесийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцов.
Элчин сайд Б.Болормаа Чехийн Худалдааны танхимаас Чехийн бизнес эрхлэгчдийн төлөөллийг Монгол Улсад жил бүр айлчлуулж, бизнес форум зохион байгуулдаг уламжлал нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэж, талархал илэрхийлэв.
Энэ удаагийн бизнес форумыг Улаанбаатар хотноо 9 дүгээр сарын 20-26-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд Чехийн уул уурхай, ложистик, эрүүл мэнд, автомашин, хүнсний үйлдвэрлэл, хүний нөөцийн салбарын нийт 20 гаруй төлөөлөгч оролцоно.
Талууд Монголын бизнес эрхлэгчдийн төлөөллийг Чех Улсад айлчлуулах, хоёр улсын бизнесийн форум зохион байгуулах, нэн тэргүүнд Монголын ноос, ноолуурын салбарын аж ахуйн нэгжүүдийг 2027 оны 2 дугаар сард Брно хотноо болох “STYL” олон улсын хувцасны үзэсгэлэнд оролцуулах, эл салбарыг Чехийн ГХЯ-наас хэрэгжүүлдэг “PROPED” хөтөлбөрт хамруулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиров.

Геологи, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх болон их өгөгдлийн төв байгуулж буй Чехийн туршлагаас суралцах зэрэг тодорхой чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
