ЭЛЧИН САЙД Б.БОЛОРМАА ЧЕХИЙН НЭХМЭЛ, ХУВЦАС, АРЬС ШИРНИЙ САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАВ
Элчин сайд Б.Болормаа 2026 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Брно хотноо зохион байгуулагдсан “STYL & KABO” олон улсын үзэсгэлэнд оролцох үеэр Чехийн Нэхмэл, хувцас, арьс ширний үйлдвэрлэлийн холбооны (ATOK) гүйцэтгэх захирал Ийржи Чесал, нэхмэлийн судалгаа, инновац, технологи дамжуулалтын INOTEX байгууллагын худалдаа, техникийн захирал, доктор Ян Марек нартай уулзав.
Уулзалтаар Монголын бэлэн бүтээгдэхүүнийг шууд нийлүүлэхээс гадна чанарын шаардлага хангасан ноос, ноолуурын түүхий эд, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг Чехийн үйлдвэрлэгчдэд нийлүүлэх, тэдгээрийн боловсруулалтын түвшин, чанарыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах боломжтойг онцлов.
ATOK нь Чех Улсын нэхмэл, хувцас, арьс ширний үйлдвэрлэлийн салбарын эрх ашгийг төлөөлж, экспорт, инновац, олон улсын хамтын ажиллагаа болон мэргэжлийн боловсролыг дэмжих чиглэлээр ажилладаг мэргэжлийн холбоо юм.
INOTEX нь 1949 оноос үйл ажиллагаа явуулж буй нэхмэлийн судалгаа, инновац, технологи дамжуулалтын байгууллага юм. Тус байгууллага нэхмэлийн боловсруулалт, будах технологи, функциональ материал, тогтвортой үйлдвэрлэл, тойрог эдийн засгийн шийдэл болон нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн хөгжүүлэх чиглэлээр ажилладаг.