ЭЛЧИН САЙД Б.БОЛОРМАА ЧЕХИЙН ГУТАЛ, АРЬС ШИРНИЙ ХОЛБООНЫ ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ
Элчин сайд Б.Болормаа 2026 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Брно хотноо зохион байгуулагдсан “STYL & KABO” олон улсын үзэсгэлэнд оролцох үеэр Чехийн Гутал, арьс ширний холбоо (ČOKA)-ны захирал Катержина Хораковатай уулзав.

Уулзалтаар Монголын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын боломжийн талаар санал солилцов. Монголын гутал, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг “STYL & KABO” үзэсгэлэнд оролцуулах, Чех болон Төв Европын зах зээлтэй холбох, бүтээгдэхүүнийг нь сурталчлах, бизнес уулзалт зохион байгуулах боломжийг хэлэлцэв.

Талууд Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо болон Чехийн Гутал, арьс ширний холбооны хооронд хамтын ажиллагаа хөгжүүлэх, хоёр улсын үйлдвэрлэгчдийн хооронд шууд холбоо тогтоох боломжийг хамтран судлах сонирхлоо илэрхийлэв.
ČOKA нь Чех Улсын гутал, арьс ширний үйлдвэрлэл, худалдааны салбарын ажил олгогчдын мэргэжлийн холбоо юм. Тус холбоо нь үйлдвэрлэл, худалдаа, судалгаа, туршилт, баталгаажуулалт, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 60 орчим компани, байгууллагыг эгнээндээ нэгтгэдэг.

Тус холбоо нь гишүүдийнхээ эрх ашгийг төлөөлж, дотоод, гадаадын үзэсгэлэнд оролцох, олон улсын бизнесийн холбоо тогтоох, мэргэжлийн сургалт, судалгаа болон инновацын төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. ČOKA нь Европын Гутлын үйлдвэрлэлийн холбоодын нэгдэл (CEC) болон Олон улсын гутлын үйлдвэрлэлийн технологичдын холбоо (UITIC)-ны гишүүн юм.
ČOKA-гийн албан ёсны мэдээлэл (https://www.coka.cz/basic-information)