images

ЭЛЧИН САЙД Б.БОЛОРМАА БРНО ХОТОД АЖИЛЛАВ

Үйл явдлын мэдээ

2026-08-24

21

Элчин сайд Б.Болормаа 8 дугаар сарын 21-ний өдөр Брно хотноо зохион байгуулагдаж буй олон улсын хувцас загвар, нэхмэл бүтээгдэхүүний “STYL”, гутал, арьсан бүтээгдэхүүний “KABO” үзэсгэлэнгийн үйл ажиллагаатай танилцав.
 
 
“STYL & KABO” нь Брно хотын үзэсгэлэнгийн төвд жилд хоёр удаа зохион байгуулагддаг, Төв болон Зүүн Европын хувцас, гутал, арьсан бүтээгдэхүүний салбарын B2B буюу мэргэжлийн томоохон үзэсгэлэн юм. Тус үзэсгэлэн нь үйлдвэрлэгч, дизайнер, импортлогч, дистрибьютер, худалдан авагчдыг нэг дор цуглуулж, бизнесийн шууд харилцаа тогтоох боломж бүрдүүлдгээрээ онцлог юм. Энэ удаа “STYL & KABO” үзэсгэлэн 67 дахь удаагаа зохион байгуулагдав. Үзэсгэлэнд жил бүр салбарын 4 мянга орчим мэргэжилтэн, худалдан авагч хүрэлцэн ирдэг байна.
 
 
Элчин сайд үзэсгэлэн, яармагийг зохион байгуулагч BVV компанийн гүйцэтгэх захирал Ян Кубата, Гадаад харилцааны газрын захирал Радослав Клепач, Төслийн захирал Мартин Шкарка нартай уулзаж, Монголын ноос, ноолуур, арьс ширний салбарын үйлдвэрлэгчдийг “STYL & KABO” үзэсгэлэнд оролцуулах, бизнес уулзалт зохион байгуулах, Монголын бүтээгдэхүүнийг онцлон танилцуулах болон Чех, Төв Европын зах зээлд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
 
 
Элчин сайд үзэсгэлэнгийн хүндэтгэлийн арга хэмжээ, загварын шоуны нээлтэд урилгаар оролцож, үйлдвэрлэгч, дизайнеруудын шинэ бүтээлүүдтэй танилцав.
 
 
 
 
 
Энэ удаагийн үзэсгэлэнд Бүгд Найрамдах Словак Улс эдийн засгийн дипломат ажиллагааныхаа хүрээнд нэгдсэн зохион байгуулалттай оролцож, үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг сурталчилж байгаатай Элчин сайд танилцав. Энэхүү туршлага нь цаашид Монголын үйлдвэрлэгчдийг тус үзэсгэлэнд нэгдсэн зохион байгуулалттай оролцуулах боломжийг судлахад ач холбогдолтой байв.
 
Брно хотод ажиллах үеэрээ Элчин сайд тус хот болон ойролцоох бүс нутагт оршин суугаа Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзав. Уулзалтаар иргэдийн ажил, амьдрал, тулгамдаж буй асуудал, хүүхэд, залуучуудад зориулсан монгол хэлний сургалт зохион байгуулах боломжийн талаар ярилцаж, санал бодлыг нь сонслоо. Элчин сайдын яам Чех Улсад оршин суугаа Монгол иргэдтэйгээ тогтмол холбоотой байж, тэдний санал, санаачилгыг дэмжин ажиллахаа илэрхийлэв.