МОНГОЛЫН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
Элчин сайд Б.Болормаа 2026 оны 8 дугаар сарын 13-ны өдөр БНЧУ-ын Үндэсний музейн Ерөнхий захирал Михал Лукештэй уулзаж, 2027 онд Прага хотноо нээлтээ хийх Монголын үлэг гүрвэлийн үзэсгэлэнгийн бэлтгэл ажил болон хоёр улсын музей, соёлын салбарын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Элчин сайд Б.Болормаа Үндэсний музейн удирдлага, хамт олонд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг амжилттай зохион байгуулж, Монголын түүх, соёлын өвийг Чехийн болон гадаадын олон нийтэд өргөнөөр сурталчилсанд талархал илэрхийлж, тус үзэсгэлэнг 75 мянга орчим хүн үзсэн нь хоёр улсын соёлын хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулсан онцлох үйл явдал болсныг тэмдэглэв.
Уулзалтаар Монголын үлэг гүрвэлийн үзэсгэлэнд дэлгэх үзмэрүүдийн сонголт, бэлтгэл, тээвэрлэлт, үзэсгэлэнгийн орон зай, нээлтийн арга хэмжээ, хугацаа зэрэг зохион байгуулалтын асуудлыг ярилцав. Ерөнхий захирал Михал Лукеш үзэсгэлэнгийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгааг мэдээлээд, уг үзэсгэлэн нь Монголын үлэг гүрвэлийн хосгүй олдворуудыг олон нийтэд толилуулах цар хүрээ, шинжлэх ухаан, танин мэдэхүйн ач холбогдлоороо Европ төдийгүй олон улсын хэмжээнд онцгой үйл явдал болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Талууд энэхүү үзэсгэлэн нь палеонтологи, байгалийн шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ Монгол, Чехийн Иж бүрэн түншлэл, уламжлалт найрсаг харилцаа, соёлын солилцоог улам бэхжүүлэх чухал төсөл болохыг онцлов.
Элчин сайд Б.Болормаа уг үзэсгэлэн нь Монголын түүх, байгалийн хосгүй өвийг олон улсад сурталчлан таниулах, улмаар Монгол Улсыг зорих жуулчдын сонирхлыг нэмэгдүүлэх өргөн боломж нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, үзэсгэлэнгийн бэлтгэл, зохион байгуулалтад ЭСЯ-наас бүхий л талаар дэмжлэг үзүүлж ажиллахаа нотлов.
