БНЧУ-ЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ДЭД САЙДТАЙ УУЛЗАВ
Элчин сайд Б.Болормаа 2026 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Бүгд Найрамдах Чех Улсын Байгаль орчны дэд сайд Иво Марцинтай уулзаж, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, уул уурхайн салбарын хамтын ажиллагаа болон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын бэлтгэл ажлын талаар санал солилцов.
Уулзалтын үеэр Элчин сайд Б.Болормаа Монгол, Чехийн байгаль орчны салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын боломжийн талаар мэдээлэл өгч, тахийг эх нутагт нь эргэн нутагшуулах төсөл, ойн салбарын түншлэл, хог хаягдлын дахин боловсруулалт, геологийн судалгаа зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв. Талууд эдгээр салбарт хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр санал нэгдэв.
Түүнчлэн талууд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд Чехийн төлөөлөгчдийг тэргүүлэн оролцох Дэд сайд Иво Марцины айлчлалын бэлтгэл ажил, хөтөлбөрийн талаар санал солилцож, тус бага хурлын хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах боломжийн талаар ярилцав.

Дэд сайд Иво Марцин өөрийн эрхлэх асуудлын хүрээнд Чехийн Байгаль орчны улсын сан болон Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг хариуцдаг болохыг танилцуулж, эдгээр чиглэлээр Монгол Улстай хамтын ажиллагаа хөгжүүлэх, туршлага солилцох, хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд Чехийн тал бэлэн байгаагаа илэрхийлэв.