images

“ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУДЫН СОЁЛЫН НЭЭЛТТЭЙ НААДАМ”-ЫГ ӨРГӨН ДЭЛГЭР ТЭМДЭГЛЭВ

Үйл явдлын мэдээ

2026-08-06

67

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Бүгд Найрамдах Чех Улсын Мост хотод аж төрж буй Монгол Улсын иргэдээс санаачлан “Европ дахь Монголчуудын соёлын нээлттэй наадам”-ыг 2026 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Мост хотод зохион байгуулав. Элчин сайд Б.Болормаа наадмын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн Үндэсний их баяр наадам нь хилийн чанадад аж төрж буй эх орон, элгэн саднаа санасан монголчуудыг нэгтгэх, хүүхэд, залуу үедээ монгол хэл, түүх, соёл, зан заншлаа таниулах, мөн Монголын өв соёлыг Чех Улсад сурталчлахад чухал ач холбогдолтойг онцлов.
 
 
Наадмын хүрээнд Монголчуудын уламжлалт тоглоом, наадгай, хүүхэд, залуучуудын дундах уралдаан, сагс, волейболын тэмцээн зэрэг олон нийтийг хамарсан олон арга хэмжээ зохион байгуулагдав. Эдгээр арга хэмжээ нь наадамчин олны талархлыг хүлээж, Монгол үндэсний өв соёл, ёс заншлыг хүүхэд, багачууд болон гадаадын иргэдэд сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой боллоо.
 
Хүчит бөхийн барилдаанд 64 бөх уран мэх, авхаалж самбаагаа сорин барилдсанаас Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат, сумын заан М.Эрдэнэбаяр түрүүлж, Орхон аймгийн Жаргалант сумын харьяат, аймгийн начин С.Энх-Амгалан үзүүрлэв. Их шөвөгт Завхан аймгийн Яруу сумын харьяат, сумын заан Б.Мөнх-Эрдэнэ, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, залуу бөх Э.Хосбаяр нар шалгарлаа. Хүүхдийн бөхийн барилдааны 13-15 насны ангилалд М.Билгүүдэй түрүүлж, Ц.Өлзий үзүүрлэсэн бол 16-18 насны ангилалд М.Билгүүдэй түрүүлж, Р.Тэнүүн үзүүрлэв.
 
 
Сур харвааны эрэгтэйчүүдийн төрөлд Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, залуу харваач Г.Оргилон тэргүүн байр, Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, залуу харваач Г.Алтангэрэл дэд байр, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, залуу харваач Э.Оргилболд гутгаар байр эзлэв. Эмэгтэйчүүдийн төрөлд Улаанбаатар хотын Багануур дүүргийн харьяат, аймгийн мэргэн, спортын мастер Б.Хэрлэн тэргүүн байр, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат, сумын мэргэн Ц.Жавхланбаяр дэд байр, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, сумын мэргэн М.Долгормаа гутгаар байрт тус тус шалгарлаа.
 
Шагайн харваанд “ММТранс” клубын “Андгай” баг тэргүүн байр, “Аравт” баг дэд байр, “Уухай” клубын “Арга билэг” баг гутгаар байр эзлэв.
 
 
Сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэйчүүдийн 12 хүртэлх насны ангилалд Нөхөрлөл, Цогт, Цогт-Ивээл багууд, 13-15 насны ангилалд UB., Номадс, Цогт багууд, 16-18 насны ангилалд Блакс, МБ Болжморууд, Цогт багууд, насанд хүрэгчдийн ангилалд Emust, МБ Болжморууд, Цогт багууд, эмэгтэйчүүдийн ангилалд Цогт, Млада Болеслав, Мост багууд эхний байруудад тус тус шалгарлаа. Волейболын тэмцээнд WarriorZ Emust, МБ Болжморууд, Apex 2 багууд эхний байруудад шалгарлаа.
 
Энэхүү соёлын нээлттэй наадамд 2 мянга орчим иргэд хүрэлцэн ирж, оролцлоо. Наадмыг санаачлан зохион байгуулсан Б.Төртулга, Мост хотод ажиллаж, амьдарч буй монгол иргэд, ивээн тэтгэж, дэмжин оролцсон нийт бизнес эрхлэгчид, зохион байгуулалтын ажилд сэтгэл, хүчээ зориулсан иргэддээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.