images

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Үйл явдлын мэдээ

2026-07-27

9

ЭСЯ-наас Бүгд Найрамдах Чех Улс дахь Монголчуудын холбоо, төрийн бус байгууллага, хэлмэрч, орчуулагч, бизнес эрхлэгчид, урлаг, спортын салбарынхан, иргэдийн төлөөлөлтэй хийдэг уламжлалт уулзалтыг 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ЭСЯ-нд зохион байгуулав.
 
Уулзалтын эхэнд Элчин сайд Б.Болормаа 2026 онд ГХЯ болон ЭСЯ-наас хийж хэрэгжүүлсэн ажил, үйлчилгээнийхээ талаар танилцуулж, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагаа болон бусад асуудлаар мэдээлэл өгч, хүрэлцэн ирсэн иргэдийн хүсэлтийг сонсож, санал солилцов. Мөн ЭСЯ-тай байнгын харилцаа, холбоотой ажиллаж, ЭСЯ-ны цахим болон фэйсбүүк хуудаснаас мэдээлэл, зөвлөмж тогтмол авч, иргэдэд чиглэсэн арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг уриалав.
 
Уулзалтад оролцсон Монголчуудын холбоо, төрийн бус байгууллагууд болон иргэд өөрсдийн үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар танилцуулав. Тухайлбал,
 
- “Монголын үндэсний сурын холбооны Чех Улс дахь салбар зөвлөл”-ийн тэргүүн Ц.Октябрь энэ намар Чех Улсад зохион байгуулах Европ дахь Монголчуудын сур харвааны анхдугаар тэмцээний бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.
- Пардубице хотын “Mon School” сургуулийн төлөөлөл сургуулийнхаа үйл ажиллагааг танилцуулав.
- Волейболын “WarriorZ Emust” багийг үүсгэн байгуулагч О.Даваадаш Прага хотноо зохион байгуулах Европын Монголчуудын волейболын аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэв.
- “U Mart” компанийг үүсгэн байгуулагч А.Уранчимэг Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Европын зах зээлд нэг цонхны бодлогоор нэвтрүүлэх зорилготой “One Day Mongolia” төслийн талаар танилцууллаа.
- “Мөнх–Монгол өв Наранхүрээ” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн С.Нямдэлгэр байгууллагынхаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, өөрсдийн орчуулан хэвлүүлсэн “Эгэл хөвүүн Тэмүжин” номын дээжээс ЭСЯ-нд бэлэглэв.
- Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ж.Гэрэлмаа гадаад улсад амьдарч буй монгол хүүхдүүдийн академик үгийн нөөцийг тогтоож, түвшин үнэлэх чиглэлээр хийж буй судалгааны ажлаа танилцуулан, оролцогчидтой санал солилцов.
 
Энэ удаагийн уулзалтад 60 гаруй иргэд оролцсон бөгөөд ЭСЯ-наас хүрэлцэн ирсэн зочдод үдийн зоог барив.
 
Цаг зав гарган уулзалтад хүрэлцэн ирж, санал, хүсэлтээ илэрхийлсэн Та бүхэнд талархал илэрхийлье