БНЧУ-ЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД ХЭРГИЙН САЙДТАЙ УУЛЗАВ
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Болормааг Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан Бүгд Найрамдах Чех Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Петр Мацинка 2026 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд Монгол, Чехийн Иж бүрэн түншлэлийн харилцааг улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, байгаль орчин, батлан хамгаалах зэрэг салбарт улам өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцов. Мөн Элчин сайд Б.Болормаа 2027 онд хоёр улсын хооронд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй айлчлал, хамтарсан арга хэмжээний талаар мэдээлэл өгч, хамтын ажиллагааны тодорхой санаачилгуудыг танилцуулав.
Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Петр Мацинка Элчин сайд Б.Болормаад үүрэгт ажилд нь амжилт хүсэж, Монгол, Чехийн Иж бүрэн түншлэлийн харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин тэлж буйг онцлон тэмдэглэв. Тэрээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэн хөгжүүлэхэд Чехийн Гадаад хэргийн яамны зүгээс бүх талын дэмжлэг үзүүлж, нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.
Элчин сайд Б.Болормаа Монгол, Чехийн уламжлалт найрсаг харилцаа, Иж бүрэн түншлэлийн хүрээний хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлж, хоёр улсын төр, засгийн байгууллага, иргэд хоорондын харилцан итгэлцэл, найрсаг харилцаанд тулгуурласан хамтын ажиллагаа цаашид улам бэхжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.