ПРАГА ХОТОД "ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
Үндэсний их баяр наадам болон “Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан “Монголын соёлын өдөр” арга хэмжээг 2026 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Прага хотын Амьтны хүрээлэнд зохион байгуулав.

Прага хотын Амьтны хүрээлэнгийн “Говь” үзвэрийн хэсэгт дэлхийн сүүлчийн зэрлэг адуу болох тахийн тухай танилцуулга хийж, тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулах хөтөлбөрийн түүх, холбогдох үзмэрүүдийг олон нийтэд сонирхуулан, тахь хооллох арга хэмжээг зохион байгуулав. Түүнчлэн тахийн үзвэрийн дэргэд барьсан монгол гэрт Чехийн гэрэл зурагчин Вацлав Шилхагийн бүтээлүүдээс бүрдсэн “Монгол орон” гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулж, уран бүтээлчтэй уулзалт, ярилцлага зохион байгууллаа.

Чех–Монголын найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэгээс монгол үндэсний дээл, хувцасны үзүүлбэр, үндэсний хоол, идээ ундааны амталгаа, монгол бичгийн уран бичлэгийн үзүүлбэр, хүүхэд багачуудад зориулсан хөгжөөнт хөтөлбөрийг зохион байгуулав. Мөн аялагч Яна Мушинска Монгол орноор аялсан сонирхолтой түүх, дурсамжаасаа хуваалцаж, монголч эрдэмтэн, доктор Йиржи Шима Монгол орны түүх, соёлын талаар танилцуулга хийв.
“Монголын соёлын өдөр” арга хэмжээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайд Б.Болормаа оролцов. Элчин сайд хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоолыг Нэгдсэн Үндэстний Байгууллага 2025 онд баталсныг онцолж, энэхүү өдрийг 2026 оноос дэлхий нийтээр өргөн хүрээнд тэмдэглэж эхэлж буйг онцлов. Мөн арга хэмжээг үзэж сонирхохоор хүрэлцэн ирсэн иргэдийн төлөөлөлтэй уулзаж, Монголын үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.

Прага хотын Амьтны хүрээлэн нь 1959 оноос тахийн олон улсын удмын сангийн бүртгэл, мэдээллийг хөтөлж ирсэн бөгөөд устаж үгүй болох аюулд нүүрлээд байсан тахийг хамгаалах, тоо толгойг нь өсгөн үржүүлэх, эх нутагт нь сэргээн нутагшуулах үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж буй дэлхийн тэргүүлэх амьтны хүрээлэнгүүдийн нэг юм.