images

СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУДАЛГААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОНО УУ

Үйл явдлын мэдээ

2026-07-09

160

Чех Улсад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн зүгээс сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлаар зөвлөгөө, мэдээлэл авах, энэ чиглэлийн тусламж, үйлчилгээний талаар сургалт, арга хэмжээ зохион байгуулах санал, хүсэлтийг ЭСЯ-нд тавьдаг билээ. ЭСЯ-наас “Хос багана” ТББ-тай хамтран 2024–2025 онд Монгол иргэд олноор оршин суудаг Чехийн 9 хотод стресс, сэтгэл гутралын үед илрэх шинж тэмдэг, тэдгээрийг даван туулах арга замын талаар сургалт, ярилцлага зохион байгуулсан бөгөөд цаашид энэхүү үйл ажиллагааг илүү мэргэжлийн түвшинд, өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байна.
 
Энэ ажлын хүрээнд ЭСЯ, “Сэтгэл зүй, хүний хөгжлийн шинэ эхлэл” ТББ-тай хамтран цуврал сургалт, уулзалтыг энэ оны намраас Чех Улсад зохион байгуулахаар бэлтгэж байна. Үүний тулд Чех Улсад аж төрж буй Монгол иргэдийн сэтгэл зүйн эрүүл мэнд, амьдралын чанар, тулгарч буй бэрхшээл, тусламж, үйлчилгээний хэрэгцээг зөв, бодитой тодорхойлох шаардлагатай байна. Иргэдийн хэрэгцээ, шаардлагыг бодитой тодорхойлсноор тэдэнд тулгамдаж буй асуудалд нийцсэн, илүү үр дүнтэй, ач холбогдолтой сургалтын хөтөлбөр, агуулгыг боловсруулж, цогц мэдээлэл, зөвлөгөө өгөх арга хэмжээг зохион байгуулах боломж бүрдэх юм.
 
Иймд доорх судалгаанд идэвхтэй хамрагдаж, хэрэгцээ, шаардлагыг зөв тодорхойлоход өөрсдийн хувь нэмрийг оруулахыг иргэд Та бүхнээс хүсье. Судалгаанд оролцогчид нэр, хувийн мэдээллээ бичих шаардлагагүй бөгөөд иргэдийн нэр, хувийн мэдээлэл ил гарахгүй болно. Судалгааны мэдээллийг зөвхөн цаашид зохион байгуулах сургалт, уулзалт, арга хэмжээний хэрэгцээ, хөтөлбөр, агуулгыг боловсруулах зорилгоор ашиглана.
 
Иймд судалгааны асуулт бүрд өөрийн бодит нөхцөл байдал, санал бодол, хэрэгцээнд тулгуурлан үнэн зөв, чин сэтгэлээсээ хариулна уу. Та бүхний өгсөн үнэн зөв мэдээлэл нь сургалтын хөтөлбөр, агуулгыг иргэдийн бодит хэрэгцээнд нийцүүлэн боловсруулах, үр дүнтэй тусламж, зөвлөгөө үзүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
 
Судалгааны холбоос:
 
Энэхүү мэдээлэл болон судалгааны асуулгыг гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагсаддаа боломжит бүхий л хэлбэрээр түгээж, олон нийтэд хүргэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсье.