ЧЕХ АНД НӨХДИЙН ДУРСАМЖ УУЛЗАЛТ БОЛЛОО
Монголч эрдэмтэн, доктор Йиржи Шимагийн санаачилгаар Монгол Улсад ажиллаж, сурч, амьдарч байсан Чехүүдийн дурсамж уулзалт 7 дугаар сарын 7-ны өдөр “Чех–Монголын найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэг” ТББ-ын байранд боллоо. Дурсамж уулзалтад Монгол Улсад Элчин сайдаар ажиллаж байсан Й.Шима, Гадаад хэргийн дэд сайд Йиржи Бродский, 1988 онд Монгол Улсад сэтгүүлчийн хувиар очиж, хожим Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Чех – Монголын найрамдлын бүлгийн даргаар ажилласан Станислав Берковец, Монгол, Төвд судлаач Лигжиймаа Халоупкова зэрэг Монгол Улс, Монголын ард түмэнд чин сэтгэлээсээ хайртай, хоёр дахь эх орноо гэж боддог Чех анд нөхдийн төлөөлөл цуглаж, Монголын талаарх дурсамж, сэтгэгдлээ хуваалцаж, Монголтой холбоотой эд зүйлсийг дэлгэн сонирхуулав.

Уулзалтад хүрэлцэн ирсэн хамгийн ахмад настан нь өдгөө 93 настай Чехийн алдарт илбэчин Зденек Длабал бөгөөд тэрээр Монгол – Чехословакийн циркийн “Найрамдал” тоглолтын шугамаар Монгол Улсад 2 удаа очиж байжээ. Прага дахь Монгол Улсын ЭСЯ-нд 40 орчим жилийн өмнө жолоочоор ажиллаж байсан Ярослав Пекарж ЭСЯ-ны ажилтнуудын хүүхдүүдийг үргэлж дурсан санадгаа уулзалтын үеэр ярив. Улаанбаатар дахь Чехословакийн ЭСЯ-нд 6 жил ажилласан Хелена Крайникова гадаад улсад очихоороо тухайн улсыг Монгол Улстай үргэлж харьцуулж хардаг бөгөөд амьдралын минь хамгийн сайхан үе өрнөсөн Монголоос сайхан улс байхгүй хэмээн дурсав. Мөн Монгол Улсад эмчээр ажиллаж байсан эцэг, эхээ даган хүүхэд насаа Монгол Улсад өнгөрөөсөн Ярослав Хниздил багын найзуудтайгаа одоо ч холбоотой байдгаа ярив.
Доктор Й.Шима ирэх 2027 онд Чехословакийн геологийн ажлын хэсгийг ахлан Эрдэнэтийн овоог нээж илрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн ахмад геологич Моёмир Краутерын 100 насны ойг тохиолдуулан түүний талаар ном бэлтгэн гаргахаар төлөвлөж байгаагаа мэдээлэв.

Манай хоёр улсын иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бэхжүүлэх зорилгоор анх 1960 онд “Монгол – Чехословакийн анд нөхдийн нийгэмлэг” байгуулагдаж, анхны даргаар эрдэмтэн Ч.Сэрээтэр ажиллаж байсан бол 1968 онд “Чехословак - Монголын анд нөхдийн нийгэмлэг” байгуулагдаж, нийгэмлэгийн анхны даргаар Өргөн хэрэгцээний үйлдвэрийн яамны орлогч сайд Йосеф Копча ажиллаж байжээ. Хожим 1990 онд доктор Й.Шима “Монголын анд нөхдийн нийгэмлэг”-ийг үүсгэн байгуулсан. Мөн "Чех ба Словакт сургууль, курс төгсөгчдийн холбоо" 1997 онд Улаанбаатар хотод байгуулагдаж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.