images

ПАРДУБИЦЕ ХОТОД МОНГОЛ ХЭЛ, СОЁЛОО ӨВЛҮҮЛЭН СУРГАЖ БАЙНА

Үйл явдлын мэдээ

2026-07-08

138

Бүгд Найрамдах Чех Улсад аж төрж буй монгол хүүхэд, багачуудад эх хэл, бичиг үсэг, Монголын түүх, соёл, ёс заншлыг өвлүүлэн сургах, үндэсний үнэт зүйлсээ хадгалан хөгжүүлэх, эх оронтойгоо холбоотой байх сэтгэлгээ, мэдрэмжийг төлөвшүүлэх зорилготой “Mon School” сургалтын төв нь 2025 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс үйл ажиллагаа явуулж байна. Тус төв эдүгээ 5-15 насны 60 орчим хүүхдийг хамруулан дараах чиглэлээр хичээл, сургалтын үйл ажиллагаа зохион байгуулж байна. Үүнд:
 
- “Монгол хэл - Математик” - Хүүхдийн эх хэлээрээ ярих, сонсох, унших, бичих чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ математикийн суурь мэдлэг олгох, тоо тоолол, математик хэллэг, сэтгэлгээнд суралцуулах;
- “Монголын түүх” - Монголын түүх, өв соёл, үндэсний үнэт зүйлсийн талаар зөв ойлголт, мэдлэг олгож, хүүхэд, багачуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх;
- “Морин хуур” - Монгол үндэсний хөгжмийн өв соёл, морин хуурын урлагийг хүүхэд, багачуудад өвлүүлэн эзэмшүүлэх, хөгжмийн зэмсэгтэй зөв харьцах, тоглох арга барилд суралцуулах, хөгжмийн мэдрэмж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх;
- “Монгол бүжиг” - Монгол үндэсний бүжиг, бий биелгээний хөдөлгөөнөөр дамжуулан өв уламжлал, соёлоо танин мэдэх, монгол хэлээр ярих, ойлгох чадварыг хөгжүүлэх;
- “Амьдрах ухаан - Монгол ёс заншил” - Монгол ёс заншил, ахуй соёл, үндэсний тоглоом наадгайг танин мэдүүлэхийн зэрэгцээ эх хэлээрээ харилцах чадварыг сайжруулах;
- “IQ, бүтээлч сэтгэлгээ - Дүрслэх урлаг” - Хүүхдийн төсөөлөн бодох чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, өөрийн үзэл бодол, мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлэх ур чадварыг төлөвшүүлэх;
- “Монгол бөх” - Монгол үндэсний бөхийн түүх, уламжлал, ёс заншил, дэг жаягийг өвлүүлэн эзэмшүүлэхийн зэрэгцээ хүүхдийн бие бялдрын хөгжил, зөв хүмүүжил, сахилга бат, тэсвэр хатуужил, эх оронч үзлийг төлөвшүүлэх.
 
 
Монголын түүх, Монгол хэл–Математик, Монгол ёс заншлын хичээлүүдийг 20 гаруй жил багшилсан туршлагатай, мэргэжлийн багш нар монгол хэл дээрх ном, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн ашиглан зааж байна. Тус төвийн сургалтын үйл ажиллагаа өнөөг хүртэл үнэ төлбөргүй явагдаж байгаа нь хүүхэд, эцэг эхчүүдэд бодит дэмжлэг болж байгаа билээ. Чех Улсад өсөж буй монгол хүүхэд, багачуудад эх хэл, түүх, соёл, өв уламжлалаа өвлүүлэн сургах эрхэм үйлсийг санаачлан хэрэгжүүлж буй “Mon School” сургалтын төвийн үүсгэн байгуулагч Б.Мянгабаяр болон багш А.Хишигжаргал, Ц.Ганцэцэг, Д.Майцэцэг, Э.Уянга, Ц.Мөнх-Эрдэнэ, Ж.Амарзаяа, Т.Дамбаравжаа нарын сурган хүмүүжүүлэх үйлсэд өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
 
Түүнчлэн “Mon School” төвийн багш нарын санаачилгаар монгол хүүхэд, багачуудад Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайдын яамны үйл ажиллагааг танилцуулах танин мэдэхүйн аяллыг 2026 оны 8 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна. Аялалд хүүхдээ хамруулах сонирхолтой эцэг эхчүүд “Mon School” сургалтын төвийн багш Ц.Ганцэцэгтэй +420 737 520 037 дугаарын утсаар холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.