ПАРДУБИЦЕ ХОТОД “МОНГОЛЧУУДЫН НААДАМ”-ЫГ ӨРГӨН ДЭЛГЭР ТЭМДЭГЛЭВ
Монгол төрт ёсны их уламжлал, эх соёлын дархлаа, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан “Фокскон” компани болон Пардубице хотын Монгол иргэдийн төлөөлөлтэй хамтран “Монголчуудын наадам”-ыг Пардубице хотын дэргэдэх Старе Храдиште сууринд 7 дугаар сарын 5-ны өдөр зохион байгуулав. Элчин сайд Б.Болормаа баяр наадмын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 2025 онд баталсан тогтоолын дагуу жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэх болсныг онцлон тэмдэглэв. Тэрээр “Дэлхийн адууны өдөр” болон Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ЭСЯ-наас Прага хотын Амьтны хүрээлэнтэй хамтран 7 дугаар сарын 11-ний өдөр “Монголын соёлын өдөр” арга хэмжээ зохион байгуулах гэж буйг мэдээлж, иргэдийг арга хэмжээнд оролцохыг урилаа.

Наадмын нээлт, соёл, урлагийн тоглолтод Бүгд Найрамдах Чех Улсад ажиллаж, уран бүтээлээ туурвиж буй монгол залуусын “Гэрэгэ” хамтлаг болон “Mon School” төвийн бүжигчин хүүхдүүд оролцож, үндэсний дуу, бүжиг, язгуур урлагийн үзүүлбэрээ наадамчин олонд толилуулав.
Үндэсний бөхийн барилдааны уламжлал, ёс дэгийг “Ширмэл зодогтон” холбоо хариуцан зохион байгуулав. Хүчит бөхийн барилдаанд 64 бөх уран мэх, авхаалж самбаагаа сорин барилдсанаас Ховд аймгийн Мөст сумын харьяат, аймгийн начин О.Пүрэвбаяр түрүүлж, Ховд аймгийн Жаргалант сумын харьяат, сумын заан Б.Энхбаяр үзүүрлэв. Их шөвөгт Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат, аймгийн начин Д.Энхтүвшин, Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат, сумын заан М.Эрдэнэбаяр нар шалгарлаа. Хүүхдийн бөхийн барилдааны 4-6 насны ангилалд Б.Мөнх-Амгалан түрүүлж, Д.Билэгт үзүүрлэсэн бол 8-10 насны ангилалд Б.Маргад түрүүлж, Ж.Билгүүдэй үзүүрлэв.

Сур харвааны эрэгтэйчүүдийн төрөлд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, залуу харваач З.Билгүүн тэргүүн байр, Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, залуу харваач Ц.Октябрь дэд байр, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат, залуу харваач Э.Эрдэнэбаатар гутгаар байр эзлэв. Эмэгтэйчүүдийн төрөлд Сүхбаатар аймгийн харьяат, сумын мэргэн Ц.Жавхланбаяр тэргүүн байр, Улаанбаатар хотын Багануур дүүргийн харьяат, аймгийн мэргэн Б.Хэрлэн дэд байр, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, сумын мэргэн М.Долгормаа гутгаар байрт тус тус шалгарлаа.
Шагайн харвааны төрөлд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын харьяат Б.Алтан-Очир тэргүүн байр, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат Б.Баттөр дэд байр, Дорнод аймгийн Баяндун сумын харьяат Ц.Хадхүү гутгаар байр эзлэв. Нумт харвааны төрөлд Архангай аймгийн Хашаат сумын харьяат М.Дашдорж тэргүүн байр, Улаанбаатар хотын харьяат З.Ундрахбаяр дэд байр, Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Б.Долгормаа гутгаар байрт тус тус шалгарав.
Наадмын хүрээнд Монголчуудын уламжлалт тоглоом, наадгай, хүүхэд, залуучуудын дундах уралдаан, тэмцээн, “Дээлтэй монгол” алхаа зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулав. Эдгээр арга хэмжээ нь наадамчин олны талархлыг хүлээж, Монгол үндэсний өв соёл, ёс заншлыг хүүхэд, багачууд болон гадаадын иргэдэд сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой боллоо.

Элчин сайд Б.Болормаа наадмын үеэр Старе Храдиште суурингийн дарга Мирослав Чепчаржтай уулзаж, наадмын үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласанд талархал илэрхийлэн, цаашид орон нутгийн түвшинд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Пардубице хот дахь “Монголчуудын наадам”-ыг зохион байгуулахад идэвх санаачилга гарган ажилласан “Фоксконн” үйлдвэрийн Дотоод хяналт, ёс зүйн зөвлөх мэргэжилтэн Б.Мянганбаяр болон тус компанийн хамт олонд талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе. Түүнчлэн наадмын үйл ажиллагааг дэмжин, оролцож хүүхэд бүрд гарын бэлэг гардуулсан Мост хотын “Эрдэс” компанийн захирал Г.Гандид чин сэтгэлийн талархал илэрхийлье.