ПЛЗЕН ХОТОД “МОНГОЛЧУУДЫН НААДАМ” ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
Монгол төрт ёсны их уламжлал, эх соёлын дархлаа, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан “Монголчуудын холбоо” ТББ-тай хамтран “Монголчуудын наадам”-ыг Плзен хотын дэргэдэх Дожице сууринд 7 дугаар сарын 4-ний өдөр зохион байгуулав.
Элчин сайд Б.Болормаа баяр наадмын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн Үндэсний их баяр наадмын уламжлал, ёс заншлыг сурталчлан таниулах, хүүхэд, багачууддаа өвлүүлэн үлдээх нь бидний эрхэм үүрэг болохыг онцлов. Тэрээр мөн ЭСЯ-наас 7 дугаар сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Чех Улсад үйл ажиллагаа явуулж буй Монголчуудын холбоо, ТББ, орчуулагч, хэлмэрч, бизнес эрхлэгч, урлаг, спортын салбарын төлөөлөл болон иргэдтэй уулзалт зохион байгуулах гэж буйг мэдээлж, иргэдийг идэвхтэй оролцохыг уриалав.

Наадмын нээлт, соёл, урлагийн тоглолтод Бүгд Найрамдах Чех Улсад ажиллаж, уран бүтээлээ туурвиж буй Монгол залуусын “Гэрэгэ” хамтлаг, морин хуурч Б.Хосбаяр, дуучин Ц.Батсуурь, “Хүслэн” охидын бүжгийн хамтлаг, гоцлол бүжигчин Н.Од, “Unnamed” залуусын хамтлаг оролцож, үндэсний дуу, бүжиг, язгуур урлагийн үзүүлбэрээ наадамчин олонд толилуулав.

Наадмын үндэсний бөхийн барилдааны уламжлал, ёс дэгийг Үндэсний бөхийн “Ширмэл зодогтон” холбоо хариуцан зохион байгуулав. Хүчит бөхийн барилдаанд 32 бөх уран мэх, авхаалж самбаагаа сорин барилдсанаас Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат, сумын заан М.Эрдэнэбаяр түрүүлж, Ховд аймгийн Мөст сумын харьяат, аймгийн начин О.Пүрэвбаяр үзүүрлэв. Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат, аймгийн начин П.Цэрэнпунцаг, Орхон аймгийн Жаргалант сумын харьяат, аймгийн начин С.Энх-Амгалан нар шалгарлаа.

Сур харвааны эрэгтэйчүүдийн төрөлд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, залуу харваач З.Билгүүн тэргүүн байр, Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, залуу харваач Г.Оргилон дэд байр, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, залуу харваач Э.Оргилболд гутгаар байр эзлэв. Эмэгтэйчүүдийн төрөлд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат, сумын мэргэн Ц.Жавхланбаяр тэргүүн байр, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, сумын мэргэн М.Долгормаа дэд байр, Улаанбаатар хотын Багануур дүүргийн “Уурхайчин” клубын харваач, аймгийн мэргэн Б.Хэрлэн гутгаар байрт шалгарав.

Шагайн харвааны багийн төрөлд“Уухай” клуб тэргүүн байр, “ММ Транс” клубын “Андгай” баг дэд байр, “Уухай” клубын “Арга билэг” баг гутгаар байр эзлэв. Хувийн цуваа харваанд Г.Дүгэрдорж тэргүүн байр, К.Алтан-Очир дэд байр, О.Од-Эрдэнэ гутгаар байрт тус тус шалгарлаа. Нумт харвааны багийн төрөлд “Алтан шагай” баг тэргүүн байр, “Эвийн хүч-1” баг дэд байр, “Эвийн хүч-2” баг гутгаар байр эзлэв. Хувийн цуваа харваанд З.Ундрахбаяр тэргүүн байр, н.Даваасүрэн дэд байр, М.Дашдорж гутгаар байрт тус тус шалгарав.
Баяр наадмын үеэр Элчин сайд Б.Болормаа Плзен мужийн Засаг даргын орлогч Петр Ванка болон Дожице суурингийн дарга Франтишек Конварж нартай уулзаж, тус бүс нутагт аж төрж буй Монгол иргэдийн нөхцөл байдал, мөн хоёр улсын аймаг, орон нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.
“Монголчуудын наадам”-ыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн “Монголчуудын холбоо” ТББ, Плзен хотын Гадаадын иргэдэд зөвлөгөө өгөх төв, Эх, хүүхэд хамгааллын байрны нийгмийн ажилтан Д.Жагармаа, Плзен хотын театрын дуурийн дуучин Ц.Батсуурь нарт талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.