ЕВРОПЫН МОНГОЛЧУУДЫН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ПРАГА ХОТОД БОЛНО
Элчин сайд Б.Болормаа Европ дахь Монголчуудын волейболын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн М.Өсөхбаяр тэргүүтэй Чех Улс дахь Монголчуудын волейболын баг, тамирчдын төлөөллийг 7 дугаар сарын 2-ны өдөр ЭСЯ-нд хүлээн авч уулзав. Уулзалтаар Удирдах зөвлөлийн гишүүн М.Өсөхбаяр холбооны шинэ бүтэц, үйл ажиллагааны талаар Элчин сайдад мэдээлэл өгч, Европын Монголчуудын волейболын аварга шалгаруулах XII тэмцээнийг зохион байгуулахад хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхийг ЭСЯ-нд хүсэлт болгов. Мөн волейболын “WarriorZ Emust” багийн үүсгэн байгуулагч О.Даваадаш, “Бүргэдүүд“ багийн үүсгэн байгуулагч Д.Мөнхжаргал нар өсвөрийн баг, тамирчдыг сургах, бэлтгэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааныхаа талаар Элчин сайдад танилцууллаа.

Элчин сайд Б.Болормаа Женев хотноо болсон Европ дахь Монгол хүүхдүүдийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд амжилттай оролцсон өсвөрийн баг, тамирчдад баяр хүргэж, хүүхэд, багачуудыг спортоор хичээллэх боломжийг хангаж, өөрсдийн үүсгэл санаачилгаар клуб байгуулан ажиллаж байгаа багш нарт болон волейболын уралдаан, тэмцээнийг үргэлж дэмжиж ажилладаг “U mart” компанийг үүсгэн байгуулагч А.Уранчимэгт талархал илэрхийлж, амжилт хүслээ. Мөн Европын Монголчуудын волейболын аварга шалгаруулах XII тэмцээнийг зохион байгуулахад ЭСЯ дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.
Европын Монголчуудын волейболын аварга шалгаруулах тэмцээн өмнө нь Чех Улсад 2015 онд Храдец Кралове хотод, 2023 онд Прага хотод зохион байгуулагдсан. Энэ оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд болох XII тэмцээнийг зохион байгуулахад Чех Улс дахь Монголчуудын холбоо, ТББ, хувиараа бизнес эрхлэгчид болон иргэд Та бүхнийг дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг уриалж байна.