ЧЕХ УЛС ДАХЬ ШАГАЙН ХАРВААНЫ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ
Элчин сайд Б.Болормаа 2026 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Чех Улс дахь Шагайн харвааны салбар зөвлөлийн төлөөллийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр тус салбар зөвлөлийн тэргүүн Ч.Наранбаатар Чех Улс дахь Монгол шагайн харваачдын үйл ажиллагаа, салбар зөвлөлийн зорилт, хэрэгжүүлж буй ажлын талаар Элчин сайдад танилцууллаа. Талууд шагайн харвааг Чех Улсад сурталчлан таниулах, хүүхэд залууст зааж сургах, томоохон уралдаан тэмцээн, нэгдсэн наадам хамтран зохион байгуулах зэрэг асуудлаар санал солилцов.
Элчин сайд Б.Болормаа үндэсний ёс заншил, соёл, уламжлалаа хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Чех Улс дахь Шагайн харвааны салбар зөвлөлд талархал илэрхийлэв. Тэрээр цаашид Чех Улсад өсөж торниж буй хүүхэд, залуучуудад шагайн харвааг таниулах, сонирхуулах, өвлүүлэн уламжлуулах чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахыг хүсэж, ЭСЯ-наас бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.
Мөн 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ЭСЯ-нд зохион байгуулах Монголчуудын холбоо, төрийн бус байгууллага, хэлмэрч, орчуулагчид, бизнес эрхлэгчид, урлаг, спортын салбарын төлөөлөл болон иргэдтэй хийх уулзалтад оролцож, санал бодлоо хуваалцан, хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцахыг урив.
ЭСЯ болон Чех Улс дахь Шагайн харваан салбар зөвлөл хамтран анх 2015 онд Бланско хотноо ЭСЯ-ны нэрэмжит шилжин явах цомын төлөөх шагайн харвааны тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд 2022 оноос эхлэн тус тэмцээнийг хоёр жил тутам уламжлал болгон хамтран зохион байгуулж байна.