images

ОРЧУУЛГА, ХЭЛМЭРЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Үйл явдлын мэдээ

2026-07-02

10

“MonStep - Mongolian Steps in Czech” байгууллага Элчин сайдын яамтай хамтран Чех Улсад аж төрж буй монгол иргэдэд зориулан орчуулга, хэлмэрчийн үйлчилгээ, анхаарах асуудлууд, орчуулагчийн мэргэжлийн ур чадвар, хариуцлагын талаар мэдээлэл өгөх практик сургалтыг 2026 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ЭСЯ-нд зохион байгуулав.
 
Сургалтын үеэр орчуулга болон хэлмэрчийн ялгаа, буруу ойлголцлоос үүсэж болзошгүй эрсдэл, хариуцлагатай, зөв, ойлгомжтой харилцааны ач холбогдол, орчин үеийн технологийг зохистой ашиглах боломж, ашиглахыг хориглох орчин нөхцөл, мөн шүүхийн орчуулгын хэрэгцээ, шаардлагын талаар мэдээлэл өглөө.
 
 
Сургалтад монгол-чех, чех-монгол хэлний туршлагатай орчуулагч, хэлмэрчид болон сонирхсон иргэд оролцож, орчуулагч, хэлмэрчийн үйлчилгээ авахад тулгарч байсан асуудал, бэрхшээлийн талаар санал бодол, туршлагаа хуваалцав.
 
Сургалтыг Брандис над Лабем хотын эмнэлгийн эмч Б.Хэрлэн, Карлын их сургуулийн Монгол судлалын оюутан Б.Сэлэнгэ нар зохион байгуулж, тусгай зочноор Карлын их сургуулийн Азийн судлалын хүрээлэнгийн Монгол судлалын тэнхимийн багш, доктор В.Капишовска оролцов. Тэд орчуулагч, үйлчлүүлэгчийн харилцааны талаар жишээ, дадлага үзүүлж, оролцогчдод практик ойлголт өглөө.
 
 
Элчин сайд Б.Болормаа “MonStep” байгууллага болон доктор В.Капишовска нарт талархал илэрхийлж, цаашид ЭСЯ-наас монгол иргэдийн дунд зохион байгуулах сургалт, уулзалт, арга хэмжээний талаар танилцуулан, иргэдийг идэвхтэй оролцохыг уриалав.