images

ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Үйл явдлын мэдээ

2026-06-03

19

Элчин сайд Б.Болормаа Бүгд Найрамдах Чех Улсын Үйлдвэр, худалдааны яамны Европын бус улсуудын газрын захирал Рихард Хлаватытай 2026 оны 6 дугаар сарын 2-ны өдөр уулзав.
 
Уулзалтын үеэр Элчин сайд Б.Болормаа Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Чехийн Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны IX хуралдаан Прага хотноо 5 дугаар сард амжилттай зохион байгуулагдсаныг онцлон тэмдэглэж, Иж бүрэн түншлэлийн хүрээнд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг цаашид улам идэвхжүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв.
 
Мөн Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх, ноос, ноолууран бүтээгдэхүүнийг Чехийн зах зээлд нэвтрүүлэх, сурталчлан таниулах, хоёр улсын бизнес эрхлэгчдийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр Элчин сайдын яамнаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар санал солилцов. Энэ хүрээнд Элчин сайд Б.Болормаа Монголын үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүдийг Бүгд Найрамдах Чех Улсад зохион байгуулагдах үзэсгэлэн, яармагт оролцоход дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
 
Захирал Р.Хлаваты талууд ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалт, газрын ховор элементийн судалгаа, шинжилгээний чиглэлээр хамтран ажиллах Ажлын хэсэг байгуулахаар тохиролцсон нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглээд, Ажлын хэсгийн үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбоотой тодорхой саналаа ойрын хугацаанд хүргүүлэхээр тогтов. Тэрээр мөн Монгол, Чехийн худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, тэр дундаа дэлхийд алдартай Монгол ноолуурыг Чехийн зах зээлд таниулахад бодит дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.