images

МОНГОЛ ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ БОЛЖ БАЙНА

Үйл явдлын мэдээ

2026-05-27

60

Чех Улсын Карлын Их сургуулийн Монгол судлалын төвөөс “Mongolian Language in Contact III” олон улсын эрдэм шинжилгээний III бага хурлыг 2026 оны 5 дугаар сарын 26–27-ны өдрүүдэд Прага хотноо зохион байгуулж байна.
 
Бага хурлын нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайд Б.Болормаа оролцож, нээлтийн үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ даяаршил, технологийн хурдацтай хөгжил, нийгэм, соёлын өөрчлөлтийн нөлөөгөөр хувьсан хөгжиж буй монгол хэлийг олон улсын түвшинд судлан шинжилж, бодит мэдлэг, өв соёлыг олон улсад түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй монголч эрдэмтэн, судлаачдад талархал илэрхийлэв. Мөн 1976 оноос хойш Монгол судлал, хэл шинжлэлийн чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Европын нэр хүндтэй төвүүдийн нэг болох Карлын Их сургууль, түүний Монгол судлалын төвийн багш, судлаач, оюутнуудын үйл ажиллагааг өндрөөр үнэлж буйгаа онцлон тэмдэглэв.
 
 
Түүнчлэн Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын харилцаа 2025 онд Иж бүрэн түншлэлийн түвшинд хүрснээр боловсрол, соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах таатай боломж бүрдсэнийг тэмдэглээд, Монгол судлал нь хоёр улсын хамтын ажиллагааны чухал тулгуур чиглэл байх болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
 
2022 оноос эхлэн хоёр жил тутам уламжлал болгон зохион байгуулж буй энэхүү бага хурал нь монгол хэл бусад хэл, соёлтой хэрхэн харилцан нөлөөлж, хувьсан хөгжиж буйг олон улсын түвшинд судлан хэлэлцдэгээрээ онцлогтой бөгөөд Монгол судлалын салбар дахь олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.
 
Энэ удаагийн бага хуралд Монгол, Чех, АНУ, БНХАУ, Герман, Итали, Япон зэрэг 7 улсын 30 гаруй эрдэмтэн, судлаач оролцож, хэл шинжлэл, орчуулга, соёл зэрэг 20 орчим сэдвээр илтгэл хэлэлцүүлж байна.