ЭСЯ-НЫ НЭРЭМЖИТ ЕВРОПЫН НЭГДСЭН “ЗОЛГОО” ХАРВАА ТЭМЦЭЭН БОЛЛОО
Билгийн тооллын XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарыг тохиолдуулан ЭСЯ, Чех улс дахь Шагайн харваан салбар зөвлөл хамтран ЭСЯ-ны нэрэмжит шилжин явах цомын төлөөх Европын нэгдсэн “Золгоо” харваа тэмцээнийг шагайн харвааны болон нумт харвааны төрлөөр Мост хотод 3 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.

ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвд бүртгэгдсэн Монгол үндэсний шагайн харвааны тэмцээнд Чех, Австри, Бельги, Герман, Унгар, Польш, Швед, Швейцар, Франц зэрэг 9 улсын нийт 30 багийн 200 шахам харваач цэц мэргэнээ сорив. Тэмцээний нээлтийн үйл ажиллагааны үеэр Морь жилийн сар шинийн золголтыг хийсний зэрэгцээ ЭСЯ, Чех улс дахь Шагайн харваан салбар зөвлөлөөс хүрэлцэн ирсэн шагайн харвааны багуудад дурсгалын зүйл гардуулж, амжилт хүслээ.
Тэмцээний шагайн харвааны багийн төрөлд францын “Цэц” баг түрүүлж, ЭСЯ-ны цомыг гардан авав. Удаахь байрыг чехийн “Андгай”, францын “Маршалын мэргэчүүд” багууд эзэллээ. Хувийн цуваа харваанд чехийн “Бат Мост” багийн харваач, аймгийн гоц мэргэн Г.Гансүх тэргүүн байр, францын “Цэц” багийн харваач, аймгийн гоц мэргэн Н.Жамбалсанжид дэд байр, францын “Чандмань” багийн харваач, аймгийн гоц мэргэн Д.Жадамбаа гутгаар байранд тус тус шалгарч ЭСЯ-ны Өргөмжлөл, медаль, мөнгөн шагналын эзэд болцгоов. Мөн дүүжин харвааг оносон австрийн “Соёмбо” багийн харваач Г.Амарбаяр шилдэг харваачаар шалгарлаа.

Нумт харвааны тэмцээний багийн төрөлд тэргүүн байрыг Ц.Хандсүрэн ахлагчтай германы “Цэц” баг, удаахь байрыг Т.Оюунчимэг ахлагчтай бельгийн “Очир”, Э.Нарангэрэл ахлагчтай бельгийн “Онч” багууд эзэлсэн бол цуваа харваанд тэргүүн байрыг швейцарын багийн харваач Д.Одончимэг, удаахь байрыг германы багийн харваач Ласс Торсден, бельгийн багийн харваач Т.Оюунчимэг нар эзэлж, ЭСЯ-ны Өргөмжлөл, медаль, мөнгөн шагналын эзэд болцгоов. Мөн гадсан дээрх хасаа онох тэмцээнд чехийн багийн харваач М.Дашдорж түрүүлэв.
ЭСЯ-ны нэрэмжит цомын тэмцээн анх 2015 онд Бланско хотноо зохион байгуулагдаж байсан бол “Золгоо” харваа тэмцээн анх 2020 онд Хавличкув Брод хотод болж байсан юм. Ийнхүү дээрх хоёр тэмцээнийг хамтатган зохион байгуулсан ЭСЯ-ны нэрэмжит шилжин явах цомын төлөөх Европын нэгдсэн “Золгоо” харваа тэмцээн амжилттай боллоо. Тэмцээнийг зохион байгуулахад идэвх санаачилга гарган хамтран ажилласан Чех улс дахь Шагайн харваан салбар зөвлөл, Монголын Шагайн нумт харвааны холбооны Чех улс дахь салбар зөвлөл болон тэмцээнд хүрэлцэн ирж, оролцсон нийт шагай харваачдад талархал илэрхийлж, амжилт хүсье.


