НЭГДСЭН ЗОЛГОЛТ ДЭЛГЭР САЙХАН БОЛЛОО
XVII жарны гал морин жилийн Цагаан сарын шинийн 9-ний билэгт сайн өдрийг тохиолдуулан ЭСЯ-наас 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Чех улсад үйл ажиллагаа явуулдаг үндэсний хоол, аялал жуулчлалын “Алтай.мн” компанитай хамтран Морь жилийн сар шинийн золголтыг тус компанийн “Гэр кэмп” цогцолборт зохион байгууллаа.


Золголтод Чех улсад аж төрж буй өндөр настнууд, Чех дэх монголчуудын байгуулсан холбоо, ТББ, монгол-чех хэлний албан ёсны орчуулагч, иргэд, урлаг, соёл, спорт, бизнесийн төлөөлөл зэрэг зочид оролцов. Элчин сайд Д.Гансүх зочдод сар шинийн мэнд дэвшүүлж, 2025 онд Монгол, Чех хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд гарсан ололт, амжилтын талаар танилцуулав. Тэрээр Чех, Словак улсуудад аж төрөн суугаа монголчууд Монгол эх орон, өв соёлоо эрхэмлэн дээдэлж, сурталчилж, түгээн дэлгэрүүлэхэд тал бүрээр хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлж, Монголчууд бидний төрт ёс, оюун санааны дархлаа, түүх, соёл, ёс заншил, зан суртахуун, өв уламжлалын бэлэгдэл Цагаан сарын шинэлгээг ийнхүү ёс төгөлдөр тэмдэглэж байгаад баяр хүргэв.

Хүрэлцэн ирсэн зочид үндэсний дээл хувцсаараа гоёж, хүүхдүүдийнхээ хамт ирцгээж, Цагаан сар болоод үндэсний өв соёлын талаар яриа өрнүүлэв. Мөн үндэсний хөгжмийн “Гэрэгэ” хамтлаг уран бүтээлээсээ толилуулж, Чех улс дахь шагайн харвааны салбар зөвлөлөөс үндэсний шагайн харваа, түүний ёс жаягийн талаар тайлбарлаж, ирсэн зочид цэц мэргэнээ сорив. “Гэр кэмп” компаниас галын тахилга хийж, хүрэлцэн ирсэн зочдын ажил үйлс нь бүтэмжтэй, хийморь лундаа өөдрөг байхыг ерөөв.

Морь жилийн Цагаан сарын золголт, арга хэмжээг дэмжиж ажилласан П.Шагдар захиралтай “Алтай.мн” компанийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсэхийн ялдамд хүрэлцэн ирсэн зочиддоо талархал илэрхийлье. Гал морин жилдээ хүн бүрийн аз хийморь нь ивээж, буян хишиг нь арвижиж, ажил үйлс нь дэлгэрч, амар амгалан байх болтугай.


