images

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВАВ

Үйл явдлын мэдээ

2026-02-13

14

Элчин сайдын яамнаас шинэ он болон удахгүй болох сар шинийн баярыг тохиолдуулан манай улстай хамтран ажилладаг Чех улсын төр, засгийн байгууллага, их, дээд сургуулиудын төлөөлөл, чех, монголын бизнес эрхлэгчдийг 2026 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд өргөжүүлэн бэхжүүлэх хүрээнд хийж, хэрэгжүүлэх зорилтын талаар мэдээлэл хийв.
 
 
Элчин сайд Д.Гансүх арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, 2025 он манай хоёр улсын харилцаанд үр өгөөжтэй жил болсныг тэмдэглэж, дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех улсад төрийн айлчлал хийж, хоёр талын харилцааны түвшин Иж бүрэн түншлэлд хүрснийг онцлов. Талууд “Иж бүрэн түншлэл”-ийн тухай хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан нь харилцан итгэлцэл, стратегийн ойлголцлыг гүнзгийрүүлж, хоёр орны урт хугацааны хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход чухал алхам болсон билээ. Элчин сайд 2026 онд айлчлал, Эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдаан, ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалтууд, ээлжит бизнес форум зохион байгуулах зэрэг арга хэмжээг талууд төлөвлөж байгааг мэдээлж, Прага хотын Амьтны хүрээлэнгээс хэрэгжүүлж буй Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төслийг амжилттай үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
 
 
Чех улсын Гадаад хэргийн дэд сайд Й.Бродский хэлсэн үгэндээ, хоёр тал дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд олон чухал арга хэмжээ зохион байгуулсныг дурдаж, Монгол Улстай явуулж буй хамтын ажиллагаа, түүний дотор худалдаа, эдийн засаг, тахь нутагшуулах болон ойн төслүүд, боловсрол, соёлын солилцооны хөтөлбөрүүд амжилттай үргэлжилж, Монгол, Чехийн харилцаа, хамтын ажиллагаа “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд ирэх он жилүүдэд улам бүр бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Уулзалт арга хэмжээнд Чех улсын Сенатын танхимын дэд дарга, хатагтай Йитка Сейтлова, Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Гадаад хэргийн сайд асан Ян Липавский, Прага хотын 6 дугаар дүүргийн Засаг дарга Якуб Старек, ГХЯ-ны Азийн газар, Эдийн засгийн газар, Олон улсын гэрээ эрх зүйн газар, Дипломат ёслолын газрын удирдлага, төлөөлөл, Боловсролын яам, Үйлдвэр, худалдааны яам, Тээврийн яам, Дотоод хэргийн яам, Байгаль орчны яам, Хөдөө аж ахуйн яам, Прага хотын Амьтны хүрээлэн, Карлын Их сургууль, Менделийн Их сургууль, Остравагийн Техникийн Их сургууль, бизнесийн түншүүд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл зэрэг 100-аад зочид оролцов.
 
 
Арга хэмжээг Прага хотын 6 дугаар дүүрэгт байрлах нео-сэргэн мандалтын үеийн анхны барилгын дурсгал Вила Ланна ордонд зохион байгуулж, СТА, морин хуурч Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Хосбаяр нар “Үүлэн бор”, “Жалам хар”-ын аялгуугаар зочдын сонорыг мялааж, Гэр кэмп зоогийн газар монгол үндэсний зоогоор үйлчлэв.