МОНГОЛ, ЧЕХИЙН ПАРЛАМЕНТЫН ДЭД ДАРГА НАР УУЛЗАВ
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй манай Парламентын төлөөлөгчид 3 дугаар сарын 3-нд Чех улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимд зочилж, Төлөөлөгчдийн танхимын дэд дарга Патрик Нахертай албан ёсны уулзалт хийв.

Уулзалтад Төлөөлөгчдийн танхим дахь Чех – Монголын Парламентын найрамдлын бүлгийн дарга Петр Садовский тэргүүтэй тус бүлгийн гишүүд оролцсон бөгөөд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд хууль тогтоох дээд байгууллагууд тэр дундаа Парламентын найрамдлын бүлгүүд чухал үүрэг оролцоотойг талууд онцлов. УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ уулзалтын үеэр Монгол, Чехийн “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг хамтын ажиллагааны баялаг уламжлалдаа тулгуурлан эдийн засгийн агуулгаар баяжуулж, чехийн техник, технологи, ноу-хауг нуташуулж, бизнес эрхлэгчдийн хэлхээ, холбоог өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэв. Энэ удаагийн уулзалтад Чехийн Худалдааны танхимын дэд ерөнхийлөгч Радек Якубский тэргүүтэй чехийн бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцсон бөгөөд бизнесийн төлөөлөгчид манай улсад хэрэгжүүлж буй өөрсдийн төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, санал солилцов. Тухайлбал, Архангай аймгийн нисэх онгоцны буудлыг шинэчлэх ажлыг гүйцэтгэх “Transcon Electronic Systems” компани, өнгөрөгч 10 дугаар сард Улаанбаатар хотноо худалдааны төлөөлөгчийн газраа нээсэн эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Dr. Müller Pharma” компани, Эрдэнэт хотод жижиг оврын шар айргийн үйлдвэр байгуулсан “Contechin” компани, ой модыг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж Менделийн Их сургууль зэрэг байгууллагууд оролцов.

УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Чехийн Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны IX хуралдааныг энэ оны 5 дугаар сард Прага хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгааг чехийн бизнес эрхлэгчдэд мэдээлж, хоёр улсын Парламентын түвшинд хэрэгжүүлсэн айлчлал, арга хэмжээнүүдийн үеэр хэлэлцэж тохиролцсон асуудлуудыг ажил хэрэг болгоход Хамтарсан хорооны хуралдаан чухал ач холбогдолтойг тэмдэглэв.

Айлчлалын хүрээнд УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Өргөмжит консул Павел Рейхрт, “Чех – Монголын найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэг” ТББ-ын тэргүүн Яна Ухер, Чех, Словакийн анхны Ротари клубын Ерөнхийлөгч Станислав Берковец зэрэг Монгол, Чехийн харилцаанд өөрсдийн хувь нэмрээ оруулж буй зарим чехийн иргэдтэй уулзаж, Монгол, Чех хоёр улсыг харилцан сурталчлан таниулах, хамтарсан соёлын арга хэмжээ зохион байгуулах асуудлаар санал солилцлоо.
Манай төлөөлөгчид ЭСЯ-даа зочилж, үйл ажиллагаатай нь танилцав.
