МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БАТ-ЭРДЭНЭ ТЭРГҮҮТЭЙ ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЧЕХ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй манай Парламентын төлөөлөгчид Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын дэд дарга хатагтай Йитка Сейтловагийн урилгаар тус улсад айлчилж байна.

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ 2026 оны 3 дугаар сарын 3-ны өдөр дагалдан яваа төлөөлөгчдийн хамт Чех улсын Парламентын Сенатын танхимын дарга Милош Вийстрчилтэй уулзаж, Парламентын Сенатын танхимын Орон нутгийн хөгжил, төрийн захиргаа, байгаль орчны байнгын хорооны дарга Збынек Линхарт болон тус байнгын хорооны гишүүдтэй албан ёсны уулзалт хийв. Мөн Парламентын Сенатын танхимын дэд дарга хатагтай Й.Сейтлова УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүндэтгэн үдийн зоог барилаа.

Сенатын танхимын дарга М.Вийстрчил манай хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж, тогтмолжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа дурдаж, Монгол Улсын "гуравдагч хөршийн" бодлого, үйл ажиллагааг дэмжиж байдгаа илэрхийлэв.
Парламентын Сенатын танхимын дэд дарга Й.Сейтлова болон тус танхимын Орон нутгийн хөгжил, төрийн захиргаа, байгаль орчны байнгын хорооны дарга З.Линхарт нартай хийсэн уулзалтын үеэр байгаль орчныг хамгаалах, агаарын болон хөрсний бохирдолтой тэмцэх, усны менежментийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээрх хамтын ажиллагааг дэмжих, цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэх асуудлаар ярилцав. Уулзалтын үеэр УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Улаанбаатар хотноо энэ оны 8 дугаар сард болох “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал” болон 10 дугаар сард зохион байгуулах “Олон улсын эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-д чехийн талыг оролцохыг урилаа. Парламентын Сенатын танхимын дэд дарга Й.Сейтлова байгаль орчныг хамгаалах, цөлжилттэй тэмцэх чиглэлээр явуулж буй Монгол Улсын идэвх, чармайлтыг өндрөөр үнэлээд, дээрх олон улсын чуулга уулзалтуудад чехийн тал өндөр түвшинд оролцохоо илэрхийлэв. Мөн тэрээр Монгол Улс Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн манлайллыг бодитоор дэмжиж, Парламент дахь эмэгтэй гишүүдийн тоогоороо Ази тивд тэргүүлж байгааг сайшаан тэмдэглэв.

УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ уулзалтуудын үеэр Монгол, Чехийн хамтын ажиллагааны баялаг уламжлал, ард түмнүүдийн хооронд бий болсон ойр дотно харилцаанд түшиглэн хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэх, ялангуяа чехийн технологи, ноу-хауг ашиглаж жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд Парламентын түвшинд харилцан дэмжлэг үзүүлж байхын чухлыг тэмдэглэв. Мөн Чех улсын төр, засгийн зүгээс тус улсад аж төрж буй монгол иргэдийн аж байдалд анхаарал хандуулж, иргэдийн аюулгүй байдал, гэр бүл, хүүхдүүдтэйгээ хамт байх, сурч боловсрох боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлж байгаад талархал илэрхийлэв.

УИХ-ын дэд даргын хамт УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Р.Батболд, Б.Мөнхсоёл, Х.Тэмүүжин нар айлчилж байгаа бөгөөд тэд мөн УИХ дахь Монгол – Чехийн Парламентын бүлгийн гишүүд юм.



